Хятадын “GPS” удахгүй ажиллаж эхэлнэ
Өчигдөр буюу Даваа гарагт Хятад улс хоёр ширхэг Бэйдоу-3 хиймэл дагуулыг сансарт хөөргөснөөр АНУ-ын Global Positioning System (GPS) байрлал тодорхойлох системтэй өрсөлдөх цаг үе улам ойртож байна.
Ингэснээр сар хүрэхгүй хугацааны дотор Хятад “GPS” анхан шатны байрлал тодорхойлох үйлчилгээг үзүүлж эхлэх юм.
Одоо тойрог замд нийт 19 ширхэг Бэйдоу-3 хиймэл дагуул байгаа нь ийм боломж олгож байна. 2020 онд нийт хиймэл дагуулын тоо 35 болсноор АНУ-ын GPS-тэй өрсөлдөх хэмжээнд ажиллаж эхлэх гэнэ.
Системийн ерөнхий зохион бүтээгч Ян Чанфэний баталж байгаагаар энэ оны сүүлээр Хятадын “Бүс ба Зам” дэд бүтцийн аварга төсөлд оролцогч улс орнууд шинэ байрлал тодорхойлох үйлчилгээг авч эхлэх ажээ.
Улмаар 2020 онд дэлхийн бүх цэгт үйлчилгээ үзүүлдэг болох юм.
Хятадын шинэ систем нь GPS-ийн үзүүлдэг бүх үйлчилгээг үзүүлдэг байх ба зарим тал дээр илүү сайжирсан байх гэнэ.
Яг одоогийн байдлаар Пакистан, Мьянмар зэрэг цөөн улсуудын газар нутгийг энэхүү систем хамарч байгаа юм.
Хятад улс Бэйдоу системийн анхны хувилбарыг 20 дугаар зууны сүүлээр хөгжүүлж, өөрийн сансар судлал, батлан хамгаалах салбарыг АНУ-ын GPS системээс хамааралгүй болгож байв. Харин Бэйдоу-3 нь энэ системийн гурав дахь хувилбар юм.
Эх сурвалж: South China Morning Post