Японы кибер аюулгүй байдлын шинэ сайд компьютер огт хэрэглэж үзээгүйгээ хүлээн зөвшөөрөв
Японы засгийн газар саяхан кибер аюулгүй байдал болон 2020 оны Олимпийн наадмыг хариуцсан сайдын албан тушаалд 68 настай Ёшитака Сакурадаг томилсон юм.
Тэрээр 18 жил парламентад суусан ч сайд нарын танхимд огт ажиллаж үзээгүй улс төрч юм байна. Өнгөрсөн сард ерөнхий сайд Шинзо Абэ түүнийг сайдын албан тушаалд томилсон юм.
Гэтэл шинэ сайд өчигдөр парламентын хорооны хуралдаанд оролцохдоо өөрийгөө компьютерын ард огт сууж үзээгүй гэдгээ дэлгэжээ.
Сөрөг хүчний нэг гишүүн Сакурадагаас мэдээллийн технологийн хэр мэдлэгтэйг нь асуухад тэр “Би 25 настайгаасаа хойш бусдаас хамааралгүй амьдарч эхэлсэн болохоор зөвхөн ажилтнууд, нарийн бичгээрээ иймэрхүү юмыг хийлгэдэг байсан. Би хэзээ ч компьютер хэрэглэж үзээгүй” гэж хариулсан байна.
Гэхдээ тэр иргэдийн кибер аюулгүй байдлыг хамгаалахын төлөө ажиллах үүрэгтэйгээ ойлгож байгаа гэж ярьжээ.
Ийм мэдлэгтэй хүн ийм албан тушаалд ажиллах боломжтой эсэхийг асуухад Сакурада бодлого шийдвэрийг олон хүнтэй зөвлөлдөж гаргах тул асуудалгүй гэсэн байна.
Сакурада өмнө нь хэд хэдэн удаа хариуцлагагүй мэдэгдлийнхээ төлөө шүүмжлүүлж байв. Тэр нэг удаа парламентад үг хэлэхдээ Олимпийн зардлыг 1,500 иен ($13.21) болно гэж мэдэгдсэн нь 150 тэрбум иенийг ($1.32 тэрбум) андуурсан тохиолдол байжээ.
Тэрээр сөрөг хүчнийхэн асуултаа урьдчилж өгөөгүйгээс болж ийм алдаа гаргалаа хэмээн өөрийгөө хаацайлж байв. Дараа нь Сакурада олимпийн наадамтай холбоотой хэвлэлийн хуралд оролцохдоо сэтгүүлчдийн зарим асуултад зүгээр л “Мэдэхгүй” хэмээн хариулж байжээ.
Эх сурвалж: Reuters