БНХАУ: Ухаалаг гар утасны зах зээлийн 92 хувийг “Apple”, “Samsung”, “Xiaomi”, “Huawei” компани хангаж байна
Олон улсын ухаалаг гар утасны зах зээлд шинэ бүтээгдэхүүнүүд ар араасаа шил даран гарч байна.
“Apple”-ийн шинээр танилцуулсан “iPhone Xs”, “iPhone Xs Max”, “iPhone XR” гар утаснуудын урьдчилсан захиалга өнгөрсөн долоо хоногт эхэлсэн юм. Олон улсын нийлүүлэлт нь энэ баасан гарагт эхлэх ажээ.
Харин “Google”-ийн шинээр танилцуулсан "Pixel 3", "Pixel 3 XL" гар утаснууд ирэх сарын нэгнээс худалдаанд гарна. Өмнөх загвараасаа илүү том хэмжээтэй, нүүр нь бараг бүхэлдээ дэлгэц болсон эдгээр шинэ загварууд “Apple”, “Amazon”-ийн шинэ бүтээгдэхүүнүүдтэй өрсөлдөх ажээ.
Үүнээс гадна БНХАУ-ын “Huawei” компани “Mate 20” нэртэй ардаа гурван камертай, цэнэгээ илүү удаан хадгалах чадвартай гар утас танилцуулсан бол Японы “NTT Docomo” компани 47 грамм жинтэй, 5.3 мм-ийн зузаантай, нэрийн хуудасны саванд багтах гар утас танилцуулсан юм. Дуудлага хийх, текст мессеж бичих, интернетэд холбогдох гэсэн үндсэн функцтэй энэхүү бичил гар утсыг хөгжүүлэгчид нь хамгийн нимгэн утас гэж тодотгоод байна.
Ухаалаг гар утасны зах зээлд өнгөрсөн сарын байдлаар “Samsung” компани 27 хувиар тэргүүлж байгаа бол “Apple” компани 24 хувиар удаалж байгааг салбарын судалгааны “Newzoo” байгууллага мэдээллээ.
Харин БНХАУ-ын “Oppo”, “Xiaomi”, “Huawei”, “Vivo” зэрэг брэндүүд жагсаалтын эхний зургаад багтжээ. Өөрөөр хэлбэл БНХАУ-ын эдгээр брэндүүд нийлээд зах зээлийн гуравны нэгийг эзэлж байна. Гар утасны зах зээлд тэргүүлэгч БНХАУ-д ухаалаг гар утасны зах зээл III улиралд 11.7 хувиар буурсан гэж БНХАУ-ын Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яам мэдээллээ. Он гарснаас хойш дотоодод 305 сая ширхэг гар утас борлуулагдсан нь жилийн өмнөхөөс 17 хувиар буурсан дүн болжээ. Үүнээс 276 сая буюу дийлэнхийг дотоодын брэндүүд эзэлж байгаа бол үлдсэн хувийг нь гаднын брэнд, ерөнхийдөө “Apple” эзэлж байгаа юм.
Зах зээлд тэргүүлэгчдийг нэрлэвэл “Xiaomi”, “Huawei”, “Apple”, “Samsung”-ийг дурдаж болох юм. Эдгээр дөрвөн компани зах зээлийн 92 хувийг бүрдүүлж байна. Энэ нь жилийн өмнөхөөс найман хувиар өссөн дүн болж байгаа юм.
Эх сурвалж: BLOOMBERGTV.MN
|