Mессенжерээр явуулсан чатаа бүр мөсөн устгаж болдог горимыг туршиж байна
Өнгөрсөн дөрөвдүгээр сард Марк Цукербергийн явуулсан чатууд устсан байхыг хэд, хэдэн эх сурвалжууд батлаад байсан юм. Үүнээс нэг өдрийн дараа Фэйсбүүк Unsend хэмээх функцийг хүн бүрт нээлттэй болгохоор ажиллаж байгаа гэдгээ мэдэгдсэн билээ.
Хэдийгээр энэхүү функцийн хөгжүүлэлт ямар шатандаа явааг албан ёсоор зарлаагүй ч Жэйн Манчун Вонг нэртэй жиргээч "Мессенжер" аппын эх кодыг ашиглан ямархуу байдалтай харагдахыг нь зургаар үзүүлжээ. Тэрээр өмнө нь олон нэмэлт, функцуудыг албан ёсоор зарлахаас нь өмнө олон нийтэд дэлгэж байсан нэгэн юм.
Одоогоор та ямар нэг чат устгавал тэр нь зөвхөн таны inbox-оос устах ч чатыг хүлээж авсан хэрэглэгчид харагдсан хэвээр байна. Харин энэхүү Unsend-ын тусламжтайгаар хүссэн чатаа хүлээн авагчийн inbox-оос үртэл устгах боломжтой болох аж. Гэхдээ Вонгын олсон туршилтын хувилбарт чатаа бүр мөсөн устгах цагийн хязгаар байгаа бөгөөд энэ нь та явуулсан чатаа тодорхой хугацааны дотор л устгах боломжтой гэсэн үг.
Unsend нь чат андуурч явуулсан эсвэл бичих ёсгүй байсан зүйлээ санаандгүй бичсэн хүмүүст хэрэгцээтэй ч эсрэгээрээ цахим орчинд дээрэлхэх зэрэг зүй бус үйлдлийг улам дэвэргэх магадлалтай.
Эх сурвалж: GOGO.MN
|