БНХАУ-ын хакерууд бичил чип ашиглан АНУ-ын томоохон компаниудын мэдээлэлд нэвтэрчээ
БНХАУ-ын хакерууд "харандааны үзүүр"-тэй ижил хэмжээний бичил чип ашиглан “Amazon”, “Apple” зэрэг АНУ-ын тэргүүлэх компаниудын мэдээлэлд нэвтэрчээ. Мэдээлэл дамжуулах, халдлага үйлдэгчээс заавар хүлээн авах чадвартай энэхүү чип нь АНУ-ын 30 шахам компанийн серверт суурилагдсан байх магадлалтай юм байна.
Тухайлбал, АНУ-ын Засгийн газрын гэрээлэгч байгууллагуудаас гадна томоохон банкнууд жагсаалтад багтжээ. “Bloomberg”-ийн сэтгүүлчид жил гаруй судалж, Засгийн газар болон компаниудын эх сурвалжтай ярилцсаны дүнд үүнийг илрүүлж, баталгаажуулсан аж. Эх хавтан үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэгчдийн нэг "Super Micro" зарим эд ангиа БНХАУ-аас худалдаж авдаг. Тиймээс үйлдвэрлэлийн явцад эх хавтан дээр чипийг суурилуулсан гэж үзэж байгаа юм байна. Хэдий тийм боловч “Apple”, “Amazon” болон “Super Micro” компаниуд үүнийг үгүйсгэжээ. Тухайлбал, “Amazon” компани үүнийг үндэслэлгүй гэж албан мэдэгдэлдээ онцолсон байна.
Мөн БНХАУ-ын Гадаад хэргийн яам үүнийг "гүтгэлэг" гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Дэлхийн хэмжээнд нийт суурин компьютерийн 90 хувийг БНХАУ-д үйлдвэрлэж байна. Энэ утгаараа тус улс бүтээгдэхүүний дизайныг илүү сайн ойлгох, эд ангиудыг ашиглаж өөрсдөдөө давуу байдал үүсгэх боломжтой гэж “Bloomberg”-ийн шинжээчид үзжээ.
БНХАУ-ын хакерууд бичил чип ашиглан АНУ-ын томоохон компаниудын мэдээлэлд нэвтэрчээ | BTVM ВИДЕО
Н.Номин-Эрдэнэ