“Tesla” III улиралд “Model 3“ загварын 53 мянган автомашин үйлдвэрлэв
АНУ-ын томоохон автомашин үйлдвэрлэгчдийн борлуулалт есдүгээр сард буурсан дүнтэй гарчээ. Тодруулбал, “Ford”-ийн борлуулалт 11.2 хувиар, “General Motors”-ийнх 11.1 хувиар тус тус буурсан байна.
"Флоренс" хар салхинд өртсөн бүсүүдэд борлуулалт буурсан нь компаниудын бизнест ийнхүү сөргөөр нөлөөлжээ. Харин “Fiat Chrysler Аutomobiles” компанийн борлуулалт 15 буюу хамгийн өндөр хувиар нэмэгдсэн байна. Тус компанийн "Cherokee", "Compass" загварын автомашинууд болон "RAM" загварын Pick-Up ачааны автомашинууд нь өндөр эрэлттэй байсан аж. Улмаар АНУ-д тус компанийн автомашины борлуулалт есдүгээр сард жилийн дүнгээр 18.1 сая ам.долларт хүрсэн нь 2005 оноос хойших хамгийн өндөр үзүүлэлт болжээ. Жилийн өмнө "Харви" хар салхи тохиож байсан нь борлуулалтад нөлөөлж байсан аж.
Түүнчлэн Холбооны Нөөцийн банк бодлогын хүүгээ чангатгах чиглэл баримталж байгаагаас автомашины төлбөрийн зардал өсөж, америкчууд хуучин автомашин худалдаж авах сонирхол нэмэгдэх төлөвтэй байна гэж салбарын шинжээчид дүгнэж байна. Харин “Tesla” компани III улиралд "Model 3" загварын 53 мянган автомашин үйлдвэрлэж, төлөвлөгөөгөө бүрэн биелүүлснээ мэдэгдлээ. Энэ нь тус компанийн санхүүгийн үзүүлэлт ашигтай гарахад дэмжлэг болно гэж шинжээчид онцолж байна. “Tesla”-ийн Гүйцэтгэх захирал Илон Маск компанийн санхүүгийн тайлан III улиралд сайжирна гэж мэдэгдсэн юм. Тус компани нь 2010 онд IPO хийснээс хойш хоёр улирал л ашигтай ажиллаж байжээ.
Энэхүү мэдээллийн дараа даваа гарагт “Tesla”-ийн хувьцааны ханш 17 хувиар буюу сүүлийн хоёр сард байгаагүйгээр огцом өсөөд байсан ч эргээд 1.6 хувиар буурчээ.
Эх сурвалж: BLOOMBERGTV.MN
|