Технологийн компаниуд сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах нь нэмэгджээ
Технологийн компаниуд сэргээгдэх эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах нь сүүлийн үед нэмэгдсэн байна. АНУ-ын технологийн компаниудын хөрөнгийн зарцуулалтыг харвал “Alphabet”, “Apple”, “Amazon”, “Microsoft”, “Facebook” зэрэг компаниуд өнгөрсөн онд биет хөрөнгө худалдан авахад 80 тэрбум ам.доллар зарцуулжээ.
Энэ нь хоёр жилийн өмнөхөөс хоёр дахин нэмэгдсэн дүн болсон төдийгүй хөрөнгийн зарцуулалтаар томоохон автомашин үйлдвэрлэгчид, газрын тос, байгалийн хий болон харилцаа холбооны компаниудынхтай ижил түвшинд хүрсэн үзүүлэлт болж байна.
Мөн 2010 оноос хойш компаниуд болон Засгийн газрууд сэргээгдэх эрчим хүчний генераторуудаас нийт 18 мянган мегаватт худалдаж авах хэлцэл хийжээ. Үүнээс технологийн компаниуд худалдан авалтаараа тэргүүлж байна. Харин Засгийн газар, их сургуулиуд нэлээд хол зөрүүтэйгээр удаалж байгаа юм.
Сэргээгдэх эрчим хүчний хөрөнгө оруулалт нь компанид эерэг сурталчилгаа болоод зогсохгүй эдийн засгийн тогтвортой хөгжлийн зорилттой уялдсан, мөн зардалд хэмнэлттэй зэргээр бизнесийн ажиллагаанд эерэг нөлөөтэй байдгийг “Bloomberg”-ийн шинжээчид онцолж байна.
Н.Номин-Эрдэнэ