Хиймэл оюун нүдний өвчнийг эмчээс илүү оношилно
Google-ийн хиймэл оюун ухаан хөгжүүлэгч DeepMind салбар компани эмнэл зүйн дүрс зурагт дүн шинжилгээ хийх замаар нүдний өвчин оношилдог технологийн клиник туршилт хийхээр төлөвлөв. Урьдчилсан туршилтаар уг технологи нүдний өвчнийг хүмүүн эмчээс илүү оновчтой оношилж байжээ. Тус компани нүдний торлог бүрхэвчийн гурван хэмжээст скан зурагт дүн шинжилгээ хийж, глауком буюу нүдний даралт ихсэх, чихрийн шижингээс үүдэн торлог бүрхэвч гэмтэх зэрэг эмгэг оношлох чадвартай хиймэл оюун хөгжүүлж буй мэдээлэл хоёрдугаар сард анх гарсан. Уг технологийг Лондоны Мурфилд нүдний эмнэлэгтэй хамтран хөгжүүлж байна. DeepMind-ын хиймэл оюуны алгоритм лавлагаа гаргахдаа Мурфилд эмнэлгийн найман мэргэжилтнээс илүү байгааг 997 өвчтний нүдний скан зураг ашигласан туршилт баталсныг Nature Medicine сэтгүүлийн нийтлэлээс уншиж болно. Найман эмчийн онош алдах магадлал 6.7-гоос 24.1 хувьтай байсан бол DeepMind-ийн алгоритмынх 5.5 хувь байсныг Мурфилд эмнэлгийн нүдний зөвлөх эмч, дээрх нийтлэлийг зохиогчдын нэг Пирс Кин өгүүллээ. Мэргэжилтэн эмч дүрс зурагт үндэслэн онош гаргах гэж хэд хоног хүлээдэг бол хиймэл оюуны шинжилгээний дүн шууд гарч байгааг доктор Кин тайлбарласан.
Гэхдээ харьцуулж судлах боломж олгох үүднээс эмч нарыг нэмэлт мэдээллээр хангах тохиолдолд алдаа 5.5-аас 13.1 хувийн хооронд болж буурсан нь хиймэл оюуныхтай ижил юм уу арай сул байгаа юм. Урьдчилсан дүгнэлт “гоц өөдрөг” гарсан тул NHS буюу их Британийн эрүүлийг хамгаалах үйлчилгээ ойрын гурван жилээс нүдний өвчтэй хүмүүсийг хиймэл оюунаар оношлох боломжтой хэмээн доктор Кин үзэж байна. “NHSд уг алгоритмыг ашиглах суурь хэдийнэ тавигдсан. Ирэх гурван жилээс энэ технологи өвчтөнүүдэд шууд ач тусаа өгч эхэлнэ”. Мурфилд эмнэлэгт үйлчлүүлдэг, нэрийг нь нууцалсан 14884 өвчтөний нүдний торлог бүрхэвчийн 3D скан зургаар DeepMind-ийн алгоритмыг дадлагажуулжээ. Зурагт эмчээс өвчний шинж тэмдгийг тодорхойлсон тэмдэглэгээ хавсаргасан байна. Тодорхой онош гаргуулах зорилгоор хиймэл оюун ухааныг мэдрэлийн хоёр сүлжээ буюу машин суралцахуйтай хөгжүүлжээ. Эхний сүлжээ буюу машин суралцахуй нь дүрс зургийг задлан шинжилж, эмгэгтэй хэсгийг тодорхойлно. Хоёр дахь сүлжээ өвчин эмгэгийн оношийг тодорхойлж, эмчид зориулсан лавлагаа гаргана. Нүдний торлог бүрхэвчийн скан зургийн өгөгдлийн санг эзэмшигч Мурфилд эмнэлэг хиймэл оюуны алгоритм ашиглах эрхийг наад зах нь таван жил эзэмших юм.
Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ
|