Марек Каменский: Аялалд гарснаасаа хойш машинаа цэнэглэхэд огт мөнгө зарцуулаагүй

2018 оны 7 сарын 06

Arslan.mn

Польшийн судлаач, аялагч Марек Каменский Nissan LEAF маркийн цахилгаан машинаараа ОХУ-ын Калининград хязгаараас Латви, Литва, Орос, Монгол, Хятад, Солонгосын нутгаар дайран өнгөрч Япон хүрэх зорилготой аялалд гарчээ.

Өчигдөр шөнө Улаанбаатарт ирсэн тэрбээр өнөөдөр аялалынхаа талаар мэдээлэл хийсэн юм. 

“Ул мөр үлдээлгүйгээр” хэмээн нэрлэсэн аялал маань бүхэлдээ байгальд ээлтэй буюу машинаа цэнэглэхээс авахуулаад аялалтай холбоотой бүхэн дэвшилтэт технологи дээр суурилсан талаар Марек Каменский хэлж байлаа. 

Түүнтэй аялал болон автомашиных нь талаар товч ярилцсан юм. 

Arslan.mn
 

- Таныг байгальд ээлтэйгээр аялах зорилготой гэж ойлголоо. Хэрвээ энэ аялалыг бензин хөдөлгүүртэй автомашинаар хийсэн бол ямар хэмжээний зардал, бохирдол үүсгэх байсан талаар судалж үзсэн үү?

- Европын ихэнх оронд ирээдүйг судлах хүрээлэн гэж бий. Би Польшийн Ирээдүйг судлах хүрээлэнтэй хамтарч ажилладаг. Ер нь бол автомашины ирээдүй цахилгаан хөдөлгүүр рүү явж байгаа. Тиймээс аялаж байх хугацаандаа хэрвээ би шатахуунаар ажилладаг хөдөлгүүртэй автомашинаар аяласан бол зардал гэхээсээ илүү байгальд ямар хор хөнөөл учруулах байсан бэ гэдгийг судалж байгаа. Судалгааны маань дүн аяллын төгсгөлд гарна. 

Мөн Европт цахилгаан машиныг хотын хэрэглээнд илүү тохиромжтой гэх ойлголт түгээмэл байдаг. Тиймээс энэ ойлголтыг эвдэж, цахилгаан машинаар хөдөө байтугай дэлхийгээр аялаж болно гэдгийг баталж байгаа юм.

- Хотын хэрэглээнд тохиромжтой гэсэн ойлголт байдаг гэлээ. Хөдөөгийн замд машинаа яаж цахилгаанаар цэнэглэх юм бэ. Зүгээр л өрхийн хэрэглээний цахилгаанаар ч цэнэглэж болох хэрэг үү?

- Тийм ээ. Өчигдөр намайг Улаанбаатарт орж ирэхэд надад 20 км л явах эрчим хүч үлдсэн байсан. Би хамгийн түрүүнд таарсан шатахуун түгээгүүрт очоод л машинаа цахилгаанд залгаж цэнэглээд буудалдаа очсон. 

Цахилгаан машиныг зориулалтын станцад цэнэглэвэл 30 минутад бүрэн цэнэглэгдэнэ. Зориулалтын станц байхгүй бол ямар ч хамаагүй цахилгаан үүсгүүрт залгаад 10-13 цаг цэнэглэхэд бүрэн цэнэглэгдэнэ. Нэг удаа бүрэн цэнэглээд 300 км явах бөгөөд дээд тал нь 180 км/ц хүртэл хурдлах боломжтой. 
    
- Зориулалтын станц хамаагүй богино хугацаанд бүрэн цэнэглэдэг юм байна. Байнга зориулалтын бус газарт цэнэглээд явахаар автомашины хөдөлгүүрт нөлөөлж, эвдрэл үүснэ гэж байх уу?

- Үгүй ээ. Миний машин ухаалаг утастай л адил. Цэнэглээд л боллоо. Автомашин маань зүгээр цахилгаан хэрэгсэлтэй адилхан.

Аялалд гарснаасаа хойш машинаа цэнэглэхэд огт мөнгө зарцуулаагүй. 

 
- Цахилгаан машин хүйтэнд хэр тэсвэртэй вэ?

- Би үүнийг шалгахаар ирэх өвөл нэг аялал төлөвлөөд байгаа. 2019 оны хоёрдугаар сард Оросын зарим хотод -40 хэм хүртэл хүйтрэх үеэр аялахаар төлөвлөсөн.

- Та аялалдаа хэчнээн төгрөг төсөвлөсөн бэ. Үүнээс хэдийг нь машинаа цэнэглэхэд зарцуулж байгаа вэ?

- Тодорхой зардал төсөвлөөгүй. Буудалд хоноод явж байгаа болохоор одоогоор 500-600 евро зарцуулсан байх.

Харин аялалд гарснаасаа хойш машинаа цэнэглэхэд огт мөнгө зарцуулаагүй. Оросод цахилгаан эрчим хүч хямд учраас шатахуун түгээгүүр дээр очоод машинаа цахилгаанд залгаад цэнэглэхэд надаас мөнгө авахгүй байсан. Монголд ирээд ч гэсэн мөнгөөр машинаа цэнэглээгүй. 

- Ярилцсанд баярлалаа. Аялалд нь амжилт хүсье.

Arslan.mn

Arslan.mnArslan.mn

Эх сурвалж: IKON.MN

Гэрэл зургийг: MPA.MN

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
59355
0 эможи

keyboard_arrow_up