Google Европын холбоог шүүхэд өгнө гэв
Европын холбоо Андройд системийг монополийн эсрэг хуулийн дагуу дээд хэмжээ буюу 4.3 тэрбум еврогоор торгосныг Google яаралтай шүүхэд өгөхөө мэдэгдэв. Тус компани ухаалаг утас болон бусад мобайл хэрэгслийн ашигтай бизнес загварыг нь нураахыг оролдож байна гэж Брюсселийг буруутгажээ.
Европын комисс Андройд үйлдлийн системээ шинэчлэхэд 90 хоногийн хугацаа өгсөн. Энэ хугацаанд, өрсөлдөөнийг хаах хууль бус хязгаарлалтаа зогсоох ба Googleийн хайлтын
системд нэмэлт замууд оруулахыг шаардсан байна. Европын комисс Америкийн технологийн групптэй найман жил монополийн эсрэг асуудлаар тэмцэлдсэний эцэст хамгийн чухал гэгдэх энэхүү шийдвэрийг гаргажээ.
Компанийн ерөнхий захирал Сундар Пичай Financial Timesт ярихдаа “Андройдыг дэмждэг бизнес загварыг эсэргүүцэж, хүмүүс утсаа хэрхэн ашиглаж буйг үл харгалзсан шийдвэрийн эсрэг зарга үүсгэнэ” хэмээв. Google уг шийдвэрт бизнесээ хэрхэн зохицуулах талаар бодож байгаа боловч нөхөшгүй хохирол учрахаас сэрэмжлэн завсрын арга хэмжээ авахын тулд Европын шүүхэд хандах аж.
Шүүхээс яаралтай шийдвэр гарах нь нэн ховор. Гэвч бүтвэл Google-ийн саналыг сонсох хүртэл хатагтай Вестагерийн шаардлагад нийцүүлэн бизнесээ өөрчлөн байгуулахыг хойшлуулах боломжтой. Ноён Пичай “Андройд ашигладаг үйлдвэрлэгчдээс төлбөр авах боломж байсан” гэсэн юм. Баримтаас үзэхэд олонх хэрэглэгч утастай хамт ирсэн системийг ашигладаг. Харин бусад өрсөлдөгч апп-уудаас шинээр татаж авдаггүй байна. ЕХ-ны өрсөлдөөний асуудал эрхэлсэн тэргүүн хэлэхдээ “Google өөрийн хайлтын системийн ноёрхлыг бэхжүүлэхийн тулд найман жилийн турш Андройдыг ашигласан” гэж буруутгасан. Тэрбээр тус компани өрсөлдөгч ба хэрэглэгчдийг хохироосон маш ноцтой хууль бус үйлдэл хийсэн гэж дүгнэжээ.
Дээрх шийдвэрийн дагуу Google ухаалаг утас үйлдвэрлэгчдэд Андройдын Google Play-ыг ашиглуулах нөхцөл болгож Chrome гэх мэт өөрийн бүтээгдэхүүнүүдийг заавал суулгахыг тулгадаг практикаа зогсоох ёстой. Ноён Пичай урьдаас суулгасан апп-ууд Google-ын үйлчилгээний амжилтын үндэс гэх санааг няцаав. Тэрбээр “Тэдгээрт хүмүүс дуртай учраас л хэрэглэж байгаа. Хүмүүс эрж хайдаг, маш өргөн ашигладаг үндсэн үйлчилгээнүүд манайх” гэсэн байна. Түүнчлэн бүх утсандаа тэдний хайлтын апп-ыг урьдчилан суулгадаг
үйлдвэрлэгчдэд санхүүгийн дэмжлэг үзүүлэхээ зогсоохыг Google-ээс шаарджээ.