Facebook: “Apple“, “Samsung“ зэрэг компаниуд аппликэйшн хөгжүүлэх зорилгоор л хэрэглэгчдийн мэдээлэлд нэвтрэх эрхтэй
“Facebook” компани хэрэглэгчдийнхээ хувийн мэдээллийг гар утас хөгжүүлэгчидтэй хуваалцаж, АНУ-ын хууль хяналтынханд өгсөн үүрэг амлалтаа зөрчсөн гэж “New York Times” сонин мэдээллээ. Хэрэглэгчдийн зөвшөөрөл шаардлагагүйгээр хувийн мэдээлэлд нь нэвтрэх эрхтэй компаниудын тоонд “Apple”, “Amazon”, “Samsung” зэрэг 60 орчим технологийн компани багтжээ. Гэхдээ “Facebook” компани үүнийг үгүйсгэж мэдэгдэл хийсэн бөгөөд эдгээр компаниудад зөвхөн “Facebook” аппликэйшн хөгжүүлэхэд нь туслах зорилготойгоор гэрээ байгуулсан гэж тодотгосон байна. Тиймээс “Cambridge Analytica”-ийн адилаар хэрэглэгчдийн мэдээллийг зохисгүй байдлаар ашиглах асуудал гарахгүй гэж тайлбарлажээ. “Facebook”-ийн 87 сая хэрэглэгчийн мэдээлэл улс төрийн зөвлөх үйлчилгээний “Cambridge Analytica” компанид алдагдсан асуудалтай холбогдуулж тус компани дөрөвдүгээр сараас хойш зарим аппликэйшнийг хязгаарлаж, хяналтаа чангатгаж эхэлсэн юм. “Facebook” компани одоогоор 22 компанитай түншлэлийн харилцаагаа зогсоогоод байгаа юм байна.
Эх сурвалж: BLOOMBERGTV.MN
|