“Ferrari” 2022 он гэхэд бүх загвараа хос хөдөлгүүртэй болгоно
2018 оны эхний улиралд “Ferrari”-ийн нийт ашиг 13 хувиар өсөж, 272 сая евро хүрлээ.
Тус компанийн Гүйцэтгэх захирал "Энэ онд үйлдвэрлэхээр төлөвлөсөн 10 мянган автомашины захиалга бараг дууссан, ирэх онд үйлдвэрлэх автомашинуудын багагүй хэсгийн эзэд захиалгаа өгсөн" гэж онцолж байв. Энэ онд “Ferrari”-ийн автомашин худалдаж авахыг хүсэж буй хүмүүст гэр бүлийн хэрэглээний зориулалттай “GTC4”-ийн захиалга л нээлттэй байгаа аж.
Тус компанийн ирээдүйг тодорхойлох таван жилийн төлөвлөгөөг ирэх есдүгээр сард танилцуулах товтой байна. Одоогоор мэдэгдэж байгаа бодлогын гол өөрчлөлт нь “Ferrari” 2022 он гэхэд бүх загвараа хос хөдөлгүүртэй болгохоор төлөвлөж байгаа ажээ.
Хэдий тийм боловч хэрэглэгчдийн сонирхлоос шалтгаалан цөөн тооны шаталтат хөдөлгүүр тээврийн хэрэгсэл гаргана гэдгээ мэдэгдлээ. Бодлогын өөрчлөлтийг хоёр шалтгаантай холбон тайлбарлаж байгаа юм. Нэгдүгээрт ингэснээр жилд илүү олон автомашин борлуулах боломж бүрдэнэ.
Хоёрдугаарт байгаль орчныг үл бохирдуулах шаардлагууд улам хатуу болсон нь шилжилтэд түлхсэн байна. Тайланг танилцуулсны дараа тус компанийн хувьцааны үнэлгээ гурван хувиар өсөөд байна.
Б.Дашням
Холбоо барих: dashnyam.b@bloombergtvmongolia.com
minjma.g@bloombergtvmongolia.com