“Apple”-ийн борлуулалтын орлого хоёр жилийн дээд хурдаар өсөв
“Apple”-ийн борлуулалтын орлого санхүүгийн жилийн II улиралд 16 хувиар өсөж, 61.1 тэрбум ам.долларт хүрсэн байна. Энэ нь сүүлийн хоёр жилийн дээд хурдаар өссөн төдийгүй шинжээчдийн таамгаас давсан үзүүлэлт болжээ. Үүнд үйлчилгээ болон зүүдэг төхөөрөмжийнх нь эрэлт нэмэгдсэн нь гол дэмжлэг болсон байна. “Apple” компани өнгөрсөн улиралд нийт 52.2 сая ширхэг “iPhone” худалдсан аж. Энэ нь жилийн өмнөхөөс 2.9 хувиар өссөн үзүүлэлт ч борлуулсан “iPhone”-ийн дундаж үнэ 728 ам.доллар буюу шинжээчдийн таамгаас доогуур байгаа юм. Сүүлд гаргасан “iPhone X”-ийн эрэлт харьцангуй бага байгаа нь өндөр үнээс нь болсон гэж шинжээчид тайлбарлаж байгаа ажээ. Харин “Apple”-ийн БНХАУ дахь борлуулалт жилийн дүнгээр 21 хувиар өссөн нь хөрөнгө оруулагчдад таатай мэдээ болж байна. Учир нь “Apple” компани БНХАУ-ын “Oppo”, “Vivo” зэрэг дотоодын өрсөлдөгчдөд байр сууриа алдаж эхлээд байсан юм.
Тайлангийн мэдээллийн дараа сүүлийн хэдэн долоо хоног унаад байсан хувьцааны ханш нь эргэн өсөөд байна. Цаашид “Apple” компанийн удирдлагууд ирэх улиралд борлуулалтын өсөлтөө хадгална гэж шинжээчид таамаглажээ. Мөн ногдол ашгаа нэмэгдүүлэхийн зэрэгцээ 100 тэрбум ам.доллараар хэмжигдэх хувьцааг эргүүлэн худалдаж авахаа зарласан байна. Тус компани “iPhone X”-тэй адилхан ч арай бага өртөгтэй “iPhone”-ийн шинэ загварыг хөгжүүлж байгаа ажээ.
Эх сурвалж: bloombergtv.mn
|