Google хиймэл оюун ухааны захирлаа Apple-д алдлаа
Apple компани авьяастнуудыг татаж чаддаггүй гэсэн шүүмжлэлийг няцаав. Тус компани Googlе-ийн хиймэл оюун ухааны захирлыг ажилд авсан нь iPhone үйлдвэрлэгчийн хувьд чухал алхам болсон юм. Alphabet-ын харьяа Googlе компани даваа гарагт 2016 оны зургадугаар сараас хойш судалгааны хэлтсийн тэргүүнээр ажилласан Жон Жианнандраа албан тушаалаа өгч буйг зарлажээ. Түүний дараагийн зогсоол мягмар гарагт ил болсон нь Googlе-ийн гол өрсөлдөгч байв. Ноён Жианнандраа Apple-ын машины танихуй ба хиймэл оюун ухааны стратегийг толгойлох ба ерөнхий захирал Тим Кукт тайлагнадаг удирдлагын багт оржээ.
Ноён Кук ажилтнууддаа “Манай технологид бидний нандигнан авч явдаг үнэт зүйл маань тусгалаа олох ёстой. Компьютерийг улам ухаалаг болгож, хувь хүний хэрэгцээнд нийцүүлэх манай хянуур хандлага болон хувийн нууцыг хариуцлагатай хадгалах соёлыг Жон ойлгодог” гэсэн мэйл бичсэнийг New York Times сонин нийтэлжээ. Сүүлийн өдрүүдэд тэрбээр Apple компани хувийн өгөгдөлд Googlе, Facebook зэрэг өрсөлдөгчидтэй харьцуулахад хавьгүй анхаарал болгоомжтой ханддагийг онцолж байсан. Cambridge Analytica-д хэрэглэгчдийнхээ өгөгдлийг алдсан гэх Facebook-ийн дуулианы үеэр тэдний ийм зарчим давуу тал болж харагдсан юм. Гэхдээ хувийн нууцад хэт төвлөрөх нь асар их өгөгдөл дээр туршилт хийх ёстой хиймэл оюун ухааны судалгааг хойш татаж байна гэж үздэг тал бий.
Creative Strategies фирмийн шинжээч Бен Бажарин Twitter-тээ “Apple-ын хувьд том ялалт боллоо. Эдний өгөгдлийн бодлогын улмаас хиймэл оюун ухааны топ мэргэжилтнүүд тэнд ажиллахыг хүсдэггүй гэсэн маргааныг эцэс болгох байх” гэж бичсэн байна. Шотландаас гаралтай ноён Жианнандраа Цахиурын хөндийд хэдэн арван жил ажиллаж, тэндээс нэр хүнд олсон хүн. 1990-ээд онд Silicon Graphics компанид инженерээр ажиллаж байсан. Харин дараа нь гарт багтах тооцооллын хэрэгсэл бүтээх анхны оролдлого хийж байсан General Magic-т иржээ.
Улмаар 1994 онд Netscape-д орж хайлтын системийн анхдагч компанийн түргэн өсөлтийн жилүүдэд ажиллаж байв. Netscape-г үндэслэгчдийн нэг Марк Андрессен түүнийг “Цахиурын хөндийн технологийн зөнч” гэж нэрлэсэн байдаг. Ноён Жианнандраа 2010 онд Googlе-ийн багт нэгдэж, хоёр жилийн өмнөөс хиймэл оюун ухааны судалгааны хэлтсийг толгойлсон юм. Тэрбээр одоо iPhone-ын дуу хоолойн нэмэлт болох Siri технологийг сайжруулах ажлыг хариуцна. Мөн Apple-ын бүтээгдэхүүнд хиймэл оюун ухааны нэмэлтүүд суулгах зорилтыг хэрэгжүүлнэ.
Ноён Жианнандраа өндөр албан тушаалаа үл харгалзан хиймэл оюун ухаанаас хэт их зүйл хүлээхгүй байхыг анхааруулдаг аж. Тэрбээр “Машины танихуй ба хиймэл оюун ухаан асар чухал агаад олон салбарт хувьсгал хийнэ. Гарсан дэвшилд миний сэтгэл хөдөлж байгаа. Гэвч энэ бол хэрэглээний чиглэлтэй, туслах чанарын дэвшил юм. Би хиймэл оюун ухаанаас үүсэж болзошгүй сүйрэлд ердөө ч итгэдэггүй” гэсэн юм.
Тим Брэдшоу