“Apple” компани мөдхөн шинэ програм танилцуулна
“Apple” компани “iPhone”-ийн өмнөх загваруудын үйлдлийн системийг удаашруулж байсан функцийг унтраах боломжтой шинэ програм танилцуулахаар зэхэж байна. Үнэ төлбөргүйгээр “update” хийгээд ашиглах боломжтой энэхүү програмыг энэ хавраас олон нийтэд ил болгох юм.
“Apple” компанийн өнгөрсөн сард шинээр танилцуулсан програмууд нь “iPhone”-ийн өмнөх загваруудын үйлдлийн системийг удаашруулж, цэнэг хураагуурын ажиллагааг доголдуулж байсан гэдгийг тус компани хүлээн зөвшөөрсөн байна. Энэ нь хэрэглэгчдийг бухимдуулсан мэдээ болсон юм. Тус компанийг шинээр танилцуулж байгаа, илүү өндөр үнэтэй гар утаснуудаа олноор борлуулахын тулд энэ үйлдлийг санаатайгаар хийсэн гэж зарим шүүмжлэгчид үзэж байгаа аж. Харин “Apple” компани үүний эсрэг арга хэмжээ авахаа мэдэгдэж, цэнэг хураагуур солих үнийг огцом бууруулсан байна.