Жин хөнгөн, “арьс” нимгэн ирээдүйн машинууд

2018 оны 1 сарын 10

Өнөөдөр манай гаригт хөнгөн тэрэг, ачааны машин, автобус гээд нэг тэрбум гаруй автомашин явж байна. Машин үйлдвэрлэлээр тэргүүлэгчдийн нэг “Ford”-ын мэдээлж буйгаар 2050 он гэхэд энэ тоо даруй дөрвөн тэрбумд хүрнэ. Тэр үед хүн төрөлхтний 70 хувь нь хотод амьдрах нь. Хэрвээ юу ч өөрчлөхгүй, байдал энэ хэвээр байвал том хотуудын замын бөглөрөл улам их болж, хүлэмжийн хийн аюул амьтай бүхнийг нөгөө тийш “чангаана”. Өөрөө өөрсдийгөө устгахгүйн тулд дэлхий нийтээр хүрээлэн буй орчиндоо халгүй амьдрах бүхий л талын арга хэмжээ авч буйн нэг нь эко машин үйлдвэрлэл билээ. 

Түүхийн хуудас сөхвөл дотоод шаталтын хөдөлгүүр бүхий автомашин зохион бүтээхээс өмнө цахилгаанаар ажилладаг машин бий болсон аж. Гэсэн ч эдгээр машины хэрэгцээ, шаардлагыг өнгөрсөн зууны дунд үеэс хэн хүнгүй ойлгож эхэлжээ. Агаарын бохирдол, 1970-аад оны эрчим хүчний хямралаас үүдэлтэй нефтийн бүтээгдэхүүний үнийн огцом өсөлт зэрэг нь үйлдвэрлэгчдийг гибрид буюу хосолсон, эсвэл бүрэн цахилгаан хөдөлгүүртэй машин бүтээхэд хүргэжээ. Өнөө үед гибрид хөдөлгүүртэй тэрэгний хэрэгцээ өдрөөс өдөрт нэмэгдэж буй бөгөөд ямар ч хурд авч, хангалттай зай туулахаар цэнэглэх боломжтой болсноор энэ төрлийн төмөр хүлэг үйлдвэрлэлийн хурдац нэмэгдэх төлөвтэй байгаа аж. Үүний зэрэгцээ цэнхэр гаригийнхаа хүрээлэн буй орчныг, өөрсдийгөө, ирээдүйгээ аврах сэтгэлгээ хүн төрөлхтөнд давамгайлах болсон нь гибрид болон цахилгаан хөдөлгүүртэй автомашины хэрэглээ нэмэгдэх бас нэгэн шалтгаан болж буй юм.

ЭД АНГИУДЫГ ЖАГСААЛААС ГАРГАНА

Автомашинд шалгарал байнга явагдаж буй. Шинэ технологи ар араасаа нэвтэрсээр байгаа энэ үед машины “арьс”-ны доорх утастай болон утасгүй холбоосуудыг эрс шийдэмгий өөрчилсөөр байна. Уламжлалт хөдөлгүүр бүхий машинуудад байдаг кардан, дифференциаль буюу дугуйн эргэлтийг тохируулагч төхөөрөмж зэрэг нь хосолмол хөдөлгүүртэй, тухайлбал, “Infiniti Q50”-д хэрэггүй тул эдгээрийг машины эд ангийн жагсаалтаас аажмаар хасаж эхэлжээ. Ингээд аваад үзэхэд 2040 он гэхэд нийт машины 50 хувь нь хосолмол хөдөлгүүртэй болох тэр үед хүлэмжийн хийн ялгарал тэр хэрээр багасах тул хүрээлэн буй орчинд хэрхэн эергээр нөлөөлөхийг төсөөлж болно.

МАШИН ҮЙЛДВЭРЛЭЛД “ЭКО-ФОРМУЛА”-ГИЙН НӨЛӨӨ ИХ

Дэлхийн автомашин үйлдвэрлэлийн ирээдүй “Эко-Формула” (Formula-E)-гийн гарт байна хэмээн мэргэжилтнүүд дүгнэх болжээ. Автомашины уламжлалт “Формула-1” уралдааны зэрэгцээ цахилгаан хөдөлгүүртэй машин үйлдвэрлэлийн лабораториудыг хөгжүүлэх, ирээдүйн эко машин бүтээгчдийг хөхиүлэх зорилгоор 2012 оноос санаачлан, зохион байгуулж ирсэн олон улсын арга хэмжээ “Эко-Формула”-д зөвхөн бүрэн цахилгаан хөдөлгүүр бүхий автомашин уралдуулдаг. Ингэснээр нөлөө бүхий машин үйлдвэрлэгчдийн оновчтой санаачилга ундрах болсон төдийгүй цахилгаан хөдөлгүүртэй машины борлуулалт жилээс жилд өсөж буй ажээ.

“Formula-Е” уралдаан цахилгаан автомашиныг хэрэглэгчдэд олон талаар ойртуулж байдаг аж. Уралдааныг амралтын өдөр эко машин сонирхогчдын “нүдэн дээр” зохион байгуулдгаараа онцлог. Томоохон хотуудын гол зам, төв талбайд явуулдаг болохоор олны анхаарлыг татах нь илүү. Энэ төрлийн машинууд өнгө үзэмж, нам дуу чимээ, цагт 200-гаас илүү км хурдлах чадвар зэрэг үзүүлэлтээр бензин, дизелиэр явж, байгаль орчин бохирдуулдаг, данхар машин унадаг янз бүрийн насны хүмүүсийн сонирхлыг урвуулсаар байна.

ГЭРИЙН ТЭЖЭЭМЭЛ АМЬТАН ШИГ ДУУЛГАВАРТАЙ

Бид аварга гүрвэлүүд хэрхэн үхэж үрэгдсэнийг хараагүй. Харин үүнээс өөр байх аргагүй гэж бодох хүртлээ дассан овор бараа ихтэй, бензин, дизель түлшээр хөдөлдөг машинууд хэдэн жилийн дараа хэрхэн үгүй болохыг харах болно. Ердөө ойрын 15 жилд автомашины хувьсгал гарна. 

Жишээлбэл, 2006 оноос худалдаанд гарч, 2007 онд “Европын унаа”-гаар тодорсон “Ford Focus S-max”-ын ирээдүй ямар байх вэ. Ирээдүйд нисдэг машин болгох, цахилгаан хөдөлгүүр бүхий төмөр хүлгийн туршилтыг тус компанийн Бельги улс дахь талбайд хийсээр байгаа аж. Уг машин жолооны хүрдтэй ч, тэр бүр эргүүлэх шаардлагагүй. Жолооч бүхээгт ороод, гараа урдаа тавиад, эсвэл цээжиндээ эвхээд суухад л болно. Харин хараагаа хүрэх газрынхаа зүгт чиглүүлнэ. Жолооч бүхээгт орж сууснаас хойш хэдхэн секундийн дараа чимээ өгөх агшинд “Focus” замд гарч, саад бүхнийг өөрөө тойрон явна.

Огцом эргэлтийн үед дотор давчдах ч буух, зогсоох аргагүй. Туршилтын машинд анх сууж үзсэн хүмүүс, тухайлбал, сэтгүүлчид энэхүү огцом эргэлтийн тухай онцлон ярьж, шийдэх арга зам бий, эсэхийг асууж байгаа ажээ. Машин зарим үед хажуугаараа явна. Энэ үед “Mondeo” хэмээх төхөөрөмж бүхнийг зохицуулахад машин сайн сургасан гэрийн тэжээмэл амьтан шиг, дуулгавартай нь аргагүй аажуухан дөхсөөр зохион бүтээгч инженерийнхээ хүлээж буй цэгт очих нь гайхалтай хэмээн туршилтын талбайд ажилласан сэтгүүлч мэдээлжээ.

ШИНЭ “АРЬС”

Машин үйлдвэрлэхэд нэн тэргүүнд шаардагддаг ган ирээдүйд хэрэглээнээс үндсэндээ бүрмөсөн гарах аж. Түүний оронд хоёр дахин уян, тав дахин хөнгөн карбон хэмээх устөрөгчөөс гаргаж авдаг, бутардаг хиймэл материал ашиглах нь. Тухайлбал, “Volkswagen” компани XL1 болон BMW-ийн i8, i3 зэрэг загварын машиныхаа гадрыг туршилтаар ийм материалаар хийсэн нь амжилттай болсон тул худалдаанд гаргасан. Ирээдүйн машинууд ийм арьстай, хөнгөн жинтэй, овор хэмжээ багатай байх нь.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
1
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
52106
2 эможи
keyboard_arrow_up