Apple шинэ загвар гаргахдаа өмнөх загварынхаа хурдыг нь УДААШРУУЛДАГ
Apple компани хуучирч байгаа iPhone-уудынхаа хурдыг зориудаар удаашруулдаг гэдгээ хүлээн зөвшөөрлөө. Яг ийм зүйл хийдэг тухай хуйвалдааны онол байдаг байснаас компани өөрөө мэдэгдэж байсан тохиолдол байхгүй.
Тэгвэл Geekbench-ийн хөгжүүлэгч Жонн Пүүл энэ тухай анхлан мэдээлж, Apple түүнийг нь баталжээ. Гэхдээ Apple компани ийм үйлдэл хийдэг шалтгаанаа хэрэглэгчдийн төлөө хэмээн тайлбарласан юм.
Гэвч шинэ утас худалдан авч буй хэрэглэгч хэзээ ч ингэж төсөөлөхгүй учраас л асуудал оршино
Учир нь өнөөдөр гар утсанд ашиглаж буй литийн ион батарей цаг хугацаа өнгөрөхийн хэрээр бага цэнэг хуримтлуулдаг болдог жамтай. Тэрчлэн хэрэглэгчид долоо хоногийн 24 цаг тогтмол ашигладаг учраас энэ жам нь хурдасдаг гэмтэй.
Тиймээс Apple компани хуучирсан загваруудынхаа хүчин чадлыг сааж, хязгаар тогтоосноор хуучирч буй батарейгаа илүү удаан ашиглах боломж олгодог гэсэн юм.
Хэрвээ ингэхгүй бол дараа үеийн загварт зориулсан хүчирхэг үйлдлийн систем, түүнд нь тааруулсан аппликейшнүүдийг ажиллуулах явцдаа утас гэнэт унтрах зэргээр хэрэглээнд төвөг удах аж.
Гэхдээ 700 ам. доллароос эхлэх үнэтэй гар утсыг ганцхан жил ашиглаад бүрэн хүчин чадлаар нь ашиглах боломжгүй болно гэдэг хэрэглэгчийн биш Apple-ийн буруу болж таарна.
Магадгүй хуучирч буй утасны насжилтыг уртасгах зорилгоор удаашруулах нь зөв байж болох хэдий ч Apple анхнаас нь илүү том зай хураагаартай үйлдвэрлэх, эсвэл батарейг нь хялбархан сольж болдог байдлаар зах зээлд нийлүүлж болох л байсан.
Харин хэрэглэгчдэд тийм сонголт өгөөгүй учраас нэг эсвэл хоёр жилийн дараа шинэ загвар худалдан авах нь хамгийн зөв арга болдог болжээ. Тийм ч учраас бид тодорхой давтамжтайгаар утсаа солих ёстой гэж үзэх болсон.
Apple компани дээрх үйлдлийг iPhone 6, 6S болон SE загваруудаас эхлэн хийдэг болсон гэжээ. Гэхдээ бүр өмнөх загварууд хуучрахтай зэрэгцэн ийм үйлдэл хийдэг байсан байхыг үгүйсгэхгүй.
Түүнчлэн бусад гар утас үйлдвэрлэгч нар ч ингэдэг байж болно. Учир нь бүгд л ойролцоо чип, ижил төрлийн зай хураагууртай бүтээгдэхүүн зах зээлд нийлүүлдэг.
Apple-ийн хувьд хуучирч байгаа загвараа удаашруулж, хэрэглэгчдэд шинэ загвар авахаас өөр сонголт үлдээдэггүй гэсэн хуйвалдааны онол бий. Зарчмын хувьд энэ таамаг үнэний ортой байхыг ч үгүйсгэхгүй.
Гэвч шинэ утас худалдан авч буй хэрэглэгч хэзээ ч ингэж төсөөлөхгүй учраас л асуудал оршино.
Эх сурвалж: TheVerge