Москвад ирэх жилээс цахилгаан автобус нэвтэрнэ
ОХУ-ын нийслэл анхны цахилгаан автобусуудаа ердөө ирэх жилээс ашиглалтад оруулахаар төлөвлөж байгааг Москвагийн захиргааны албан ёсны вэбсайтад дурджээ. Москва хотын зорчигч тээврийн хэрэглээнд нэвтрүүлэхээр ОХУ-ын дотоодын болон Беларусь, Финланд, БНХАУ-ын үйлдвэрлэгчийн цахилгаан хөдөлгүүрт хэд хэдэн загварыг саяхан туршсан юм. Туршилтын загваруудын гол ялгаа нь цахилгаан хураах зай хураагуурын багтаамж. Москва хот нийтийн тээвэрт ашиглаж буй дизель хөдөлгүүрт автобуснуудаа ойрын бүгдийг нь цахилгаан хөдөлгүүрт шинэ үеийн загвараар шинэчлэхээр төлөвлөж байгаа юм.
Энэхүү парк шинэчлэл нь нийслэлийн экологийн нөхцөлийг сайжруулахын зэрэгцээ зорчигч тээврийн тав тухыг сайжруулна. “Хоёр жилийн турш янз бүрийн загвар туршиж үзсэний эцэст Москвад хамгийн тохирсон, найдвартай, чанартай, хамгийн чухал нь ОХУ-д үйлдвэрлэсэн цахилгаан автобустай болох техник технологийн зорилго үндсэндээ биеллээ” хэмээн ноён Ликсутов тайлбарлажээ. Ирэх жил нийслэлд цахилгаан хөдөлгүүртэй автобусны таван маршрут ашиглахаар төлөвлөөд байна. Эхний ээлжинд дизель автобусны ашиглалтыг шууд зогсоолгүй цахилгаан автобустай хамт ашиглах юм. Цахилгаан автобусаар зорчигчдод Wi-Fi технологид суурилсан интернет холболт, мобайл төхөөрөмж цэнэглэх USB залгуур ашиглах орчин бүрдүүлнэ. Шинэ үеийн автобус дуу чимээ багатайн зэрэгцээ шалны түвшин харьцангуй нам өндөрт байрлана.
Эх сурвалж: UBInfo.mn