iPhone X-ийн сүүдэрт дарагдсан iPhone 8
Өчигдөр буюу Баасан гарагт Apple компани iPhone 8, iPhone 8 Plus шинэ гар утаснуудаа эхний зах зээлүүдэд зарж эхэлсэн.
Гэвч энэ загварын эрэлт төдийлөн өндөр биш байгааг дэлхийн улс орнууд дахь борлуулалтын байдал харуулж байна. Зарим дэлгүүрүүдэд Apple-ийн ажилтнуудаас цөөн худалдан авагч цугларсан байгаа тухай мэдээлжээ.
Үүнд iPhone X-ийн хүлээлт нөлөөлж байгаа талаар хэвлэлүүд тайлбарлаж байна. iPhone-ийн 10 жилийн ойд зориулсан онцгой загвар болох iPhone X нь ирэх арваннэгдүгээр сард худалдаанд гарах юм. Хүлээлт ийм өндөр байгаа тул онцгой загварыг авахыг хүссэн хүмүүс он гартал шинэ утсаа барьж чадахгүй болж магадгүйг ажиглагчид бас хэлж байгаа.
Өчигдөр iPhone 8-ийг худалдан авсан нэлээд хүмүүс iPhone X-ийг гарсны дараа дахин сольж, хуучин утсаа худалдах, эсвэл гэр бүлийнхээ нэгэнд шилжүүлнэ гэж тайлбарлаж байгааг зарим хэвлэл мэдээлжээ.
Технологийн сэтгүүлч Лэнс Уланоф хүмүүсийн дунд санал асуулга явуулахад тэдний ихэнх нь iPhone X-ийг хүлээж байна гэж хариулсан байна.
Тиймээс iPhone X-ийн нөлөөнд iPhone 8-ийн борлуулалт дарагдах дүр зураг ажиглагдаж байна. Бүр “8”-ын тоог шүтдэг Хятадын зах зээл хүртэл iPhone 8-д төдийлөн хошуурахгүй, iPhone X-ийг хүлээсэн байдалтай байгаа юм.
Мөн зарим судлаачид хүмүүс iPhone X-ийг гартаа барьж үзсэнийхээ дараа аль загварыг нь худалдаж авахаа шийдэх гэж байгаа гэсэн таамаглал гаргасан байна.
iPhone 8 загварын ар тал нь шилэн хийцтэй болсноос өөр гадаад бүтцийн өөрчлөлтгүй, харин дотор талдаа A11 Bionic нэртэй хүчтэй процессорыг суулгаснаараа онцлог загвар юм.
Эх сурвалж: Mashable