Google HTC-г худалдаж авлаа

2017 оны 9 сарын 21

Google компани ухаалаг гар утасны төхөөрөмж үйлдвэрлэгчийг худалдан авч байгаагаа зарлажээ. Тодруулбал Тайваний HTC компанийн гар утасны салбарын гол хэсгийг $1.1 тэрбумаар авсан байна.

Гэхдээ HTC өөрөө гар утас үйлдвэрлэх үйл ажиллагаагаа цааш үргэлжлүүлэхээ мэдэгдэж, дараагийн бүтээгдэхүүндээ бэлдэж эхэлснээ мэдээлжээ.

Google компанийн хувьд Apple-тай адил өөрийн нэрийн ухаалаг гар утастай болохоор эртнээс оролдож байгаа. Тэд өөрийн Pixel брэндийн гар утсыг Өмнөд Солонгос, Тайваний үйлдвэрлэгчдэд захиалж цөөн тоогоор үйлдвэрлүүлдэг. Pixel-ийн шинэ загварыг ирэх сарын 4-нд танилцуулахаар зарлаад байгаа.

Зургаан жилийн өмнө Google анх удаа гар утасны үйлдвэрлэгчийг худалдан авч байв. Тэд тухайн үед $12.5 тэрбумаар Моторолаг авсан. Гэвч 2014 онд Google худалдаж авсан Motorola-гийн гар утасны салбараа Хятадын Lenovo-д анх худалдаж авсан мөнгөн дүнгийн өчүүхэн хэсгээр буцаан зарсан юм.

Гэвч тэд 100 хувь өөрийн үйлдвэрлэсэн гар утастай болохоор хоёр дахь удаагаа ийнхүү том наймаа хийлээ.

2016 оны Pixel, Pixel XL гар утаснуудыг HTC үйлдвэрлэсэн ч Google-ийн нэрэн дор гарч байв. Өмнөх жилүүдийн бүтээгдэхүүнийг нь үйлдвэрлэхэд Өмнөд Солонгосын LG мөн оролцож байжээ. Хэрвээ Google өөрийн гар утастай болвол энэ нь Андройд системийг нь хэрэглэдэг Samsung, LG, Huawei зэрэг компаниудыг шууд өрсөлдөөнд дуудсан хэрэг болох юм.

Үүнээс болоод зарим үйлдвэрлэгчид Андроидоос өөр үйлдлийн систем рүү шилжих магадлалтай. Зарим нь ч дотооддоо үйлдлийн систем хөгжүүлж, туршиж эхэлсэн байгаа.

Төхөөрөмж, програмыг хамтад нь бүтээхэд ямар давуу талтай байдгийг Apple компани харуулж байгаа. Тэгвэл Google мөн ийм бүтээгдэхүүнтэй болох санаагаа хаяагүй гэдгийг дээрх наймаа баталж байна.

 

Эх сурвалж: The Verge

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
47289
0 эможи
keyboard_arrow_up