Хамгийн их борлуулалттай цахилгаан автомашин “Nissan Leaf”
Японы автомашин үйлдвэрлэгч “Nissan Motor”-ийн “Nissan Leaf” загвар хамгийн их борлуулалттай цахилгаан автомашинаар нэрлэгдлээ. Тус компани 2010 онд бүрэн цахилгаан “Leaf” автомашинаа танилцуулснаас хойш тус загвараас нийт 300 мянга орчмыг борлуулсан байна.
Хэдий тийм боловч “Nissan Leaf”-ийн энэхүү үзүүлэлт “Tesla”-ийн “Model 3” загварт дарагдаж байгааг шинжээчид онцолжээ. Тухайлбал, “Model 3” загварын урьдчилсан захиалга 450 мянгад хүрсэн төдийгүй, бүтэн цэнэглэлтээр туулах зай нь “Leaf”-ийнхээс бараг хоёр дахин их, мөн худалдаалагдах үнэ нь 5000 ам.доллараар өндөр байгаа аж. Үүнээс гадна “Nissan Motor” цахилгаан автомашины борлуулалтаар тэргүүлэгчийн байр сууриа хадгалахын тулд 2018 оны шинэчилсэн “Nissan Leaf” автомашинаа ирэх сарын зургаанд танилцуулахаар төлөвлөжээ.
Шинэ загвар нь бүтэн цэнэглэлтээр 547 км зам туулах боломжтойгоор зах зээлд нийлүүлэгдэж магадгүй байгаа ажээ. Мөн үнийн хувьд одоогийн загвартайгаа ижил буюу 30 мянган ам.доллараас эхэлж магадгүй болохыг салбарын шинжээчид онцолж байна.