Porsche: "911" загварын нэг сая дахь автомашинаа үйлдвэрлэв
“Porsche” брэнд “911” загварынхаа нэг сая дахь автомашинаа үйлдвэрлэснийг тохиолдуулан энэ сарын 8-нд томоохон арга хэмжээ зохион байгуулсан. Тус брэндийн хувьд энэ загварынхаа анхны автомашиныг 1963 онд “Type 901” нэртэйгээр зах зээлд нийлүүлж байжээ. Тухайн үед энэ загварын автомашин 6000 ам.доллараар үнэлэгдэж байсан аж.
Харин одоо “Porsche Carrera 911” автомашины үнэ 91 мянга 100 ам.долларт хүрсэн бол шинэ “911 GT2 RS” загвар 293 мянган ам.доллараар үнэлэгдэж байна. Энэ загвараас жилд дунджаар 38 мянга гаруй ширхгийг Германы Штуттгарт хотод үйлдвэрлэж, олон улсын зах зээлд нийлүүлдэг. Тэгвэл “911” загвар нь анх танилцуулагдсан цагаасаа “Porsche”-ийн хамгийн өндөр борлуулалттай спорт ангиллын автомашин хэвээрээ байна.
Өнгөрсөн онд “Porsche” брэнд энэ загвараасаа 32 мянга 409 ширхгийг борлуулсан нь өмнөх оны мөн үеэс хоёр хувиар өссөн үзүүлэлт юм. Одоогийн “911” загвар нь долоо дахь үеийн автомашин бөгөөд анх танилцуулснаасаа илүү хурдан, үзүүлэлтийн хувьд илүү хүчирхэг болсон гэж “Porsche” мэдэгдээд байна.