"Apple" компани “iPhone”-д холбох шаардлагагүй ухаалаг цагаа оны эцсээр гаргана
“Apple” компани ухаалаг цагаа шинэчилж, үүрэн холбооны сүлжээнүүдэд шууд холбогддог хувилбарыг энэ оны эцсээр гаргахаар төлөвлөж байна. Энэ нь “iPhone” гар утаснаас хэт хамааралтай байдлаа бууруулах зорилготой хийж буй алхам гэж шинжээчид дүгнэлээ. “Apple”-ийн одоо худалдаанд байгаа ухаалаг цаг нь утасгүйгээр “iPhone”-д холбогдож хөгжим сонсох, газрын зураг татах, мессеж илгээх зэрэг үйлдлүүдийг хийдэг. Харин тус компани энэ оны эцэс гэхэд "LTE" чип технологид суурилсан, “iPhone”-д холбох шаардлагагүй, олон төрлийн функцээр ажиллах боломжтой шинэ ухаалаг цагаа гаргана гэж ойрын эх сурвалж мэдээлсэн байна. Тодруулбал, ухаалаг цагийг дангаар нь шинэ дуу татах, аппликэйшн хэрэглэхэд ашиглана гэж эх сурвалж мэдээлжээ.
Энэхүү шинэ ухаалаг цагт ашиглах "LTE" модемийн технологийг "Intel" корпораци нийлүүлэх аж. Олон жилийн турш “Apple” дахь нийлүүлэлтээ нэмэгдүүлэх зорилготой байсан тус компанийн хувьд энэ нь томоохон давуу тал болж байгааг шинжээчид мөн онцолжээ.