“Титаник” хөлөг онгоц 2018 онд АЯЛАЛДАА гарна
БНХАУ-ын Сычуань мужийн өмнөд хэсэгт “Титаник” хөлгийн шинэ хувилбарыг барьж байгаа гэж “Синьхуа” агентлаг мэдээллээ. Бүтээн байгуулалтын ажилд нийт нэг тэрбум юань буюу 145 сая ам.доллар зарцуулах бөгөөд ирэх 2018 онд албан ёсоор олон нийтэд танилцуулах аж.
“Титаник”-ийн шинэ хувилбар нь анх хөлөгтэй ижил 269 метр урт, 28 метр өргөнтэй байх юм байна. Түүнчлэн хөлгийн дотоод зохион байгуулалтад илүү анхаарч утасгүй интернэт, усан сан, театр, тоглоомын төв, дэлгүүр зэрэг жуулчдад зориулсан төвтэй байхаар төлөвлөжээ. Албаны хүний хэлж буйгаар тус шинэ хөлөг онгоцыг хэзээ ч далайд туршихгүй бөгөөд, зөвхөн соёл, амралтын чиглэлээр ашиглах гэнэ. Жинхэнэ “Титаник” хөлөг нь 1912 онд мөсөн уул мөргөсний улмаас Атлантын далайд живсэн билээ.