“Samsung” шүүх дээр “Apple”-ийг яллаа
“Samsung” болон “Apple” компанийн хооронд 5 жилийн турш өрнөсөн патентын маргааныг АНУ-ын Дээд шүүх “Samsung”-ын талд шийдвэрлэсэн байна.
Энэ шүүх хуралдаанаар Samsung-ыг Iphone-ны дизайныг хуулбарласан хэмээн ногдуулсан 399 сая ам.долларын торгуулийг шүүхээс хэрэгсэхгүй болгожээ.
Гол асуудал нь 2011 онд Samsung компанийг 1887 оны Давэсын хуулийн дагуу Apple-ийн патентийн эрхийг зөрчсөн хэмээн үзэж, нөхөн төлбөр олгуулахаар болсон юм. Тэгвэл АНУ-ын Дээд шүүх дээрх бүх төлбөрүүдийг буруу тооцсон гэж үзсэн байна. Гэвч нөхөн төлбөр өгөх нь хэвээр бөгөөд гол асуудал нь төлбөрийн хэмжээ бууруулахад оршиж байна.
Хоёр компаний энэхүү хуулийн маргаан нь 2011 онд эхэлсэн бөгөөд тухайн үед “Apple” компани “Samsung”-ыг тус компанийн технологи болон Iphone утасны гаднах үзэмжийг хулгайлсан хэмээн шүүхэд гомдол гаргасан юм.
“Iphone”-ны патентын эрхийг зөрчсөн, тус утасны гадаад үзэмжийг хуулбарласан гэх шүүхийн шийдвэр 2012 онд гарсанаас хойш Samsung компани “Apple”-д төлдөг төлбөр болох 930 сая ам.долларыг багасгах оролдлогыг хийсээр ирсэн аж.
Харин 2015 оны тавдугаар сард АНУ-ын шүүхээс патентын эрхийн зөрчилтэй холбоотой өөр нэгэн тогтоол гарсан байна. Үүнд “Apple”-ийн үйлдвэрлэсэн “Iphone”ны гадаад үзэмж худалдааны тэмдэгтээр хамгаалагдаагүй болохыг тогтоосон байна. Үүний үр дүнд шүүх “Samsung”-ын төлөх ёстой төлбөрийг 399 сая ам.доллароор багасгасан байна.
Apple-н хувьд дээрх шийдвэрт сэтгэл хангалуун бус байгаагаа илэрхийллээ.