“Amazon.com” видео дамжуулах үйлчилгээгээ дэлхий даяар нэвтрүүлнэ
“Amazon.com” компани видео дамжуулах үйлчилгээгээ дэлхий даяар нэвтрүүлэхээр бэлдэж байна. Энэ нь төлбөртэй онлайн телевизийн хамгийн том сүлжээ “Netflix”-тэй шууд өрсөлдөж буй хэрэг юм. “BBC” телевизээр гардаг байсан "Top Gear" цувралын одуудын хийсэн "The Grand Tour" цуврал ирэх 12 дугаар сараас эхлэн дэлхий даяар 200 улс, засаг захиргааны бүсүүдэд зөвхөн “Amazon”-ийн үйлчилгээгээр дамжуулан гарч эхэлнэ гэж тус компани албан ёсны блогтоо бичсэн байна. “Amazon.com”-ийн Гүйцэтгэх захирал Жефф Безос ч энэхүү төлөвлөгөөнийхөө талаар өөрийн Twitter хаягаасаа жиргэжээ. “Amazon Prime” буюу “Amazon.com”-оос худалдан авсан бүтээгдэхүүнээ жилийн турш үнэгүй хүргүүлэхээр 99 ам.доллар төлсөн хэрэглэгчид шинэ болон хуучин видео контентын санг үнэгүй ашиглах боломжтой байдаг аж. Харин зөвхөн видео үйлчилгээг авах хэрэглэгчдийн төлбөр ямар байх нь одоогоор тодорхойгүй байна.
Дашрамд дурдахад, энэхүү салбарын хамгийн том компани болох “Netflix” энэ оны нэгдүгээр сард өөрийн үйлчилгээг дэлхийн 190 гаруй улсад нэвтрүүлсэн бөгөөд үүнд Сири, БНАСАУ, БНХАУ болон Крымийн бүс нутаг хамрагдаагүй ажээ.