“Galaxy Note 7”-г унтраахыг хэрэглэгчдээс хүсэв
“Galaxy Note 7” ухаалаг гар утас шатаж дэлбэрсэн тухай мэдээллүүдийн мөрөөр мөрдөн шалгалт явуулж эхэлсэн учир энэ гар утсыг унтрааж, цаашид ашиглахгүй байхыг “Samsung” корпораци хэрэглэгчиддээ уриаллаа.
Мөн тус корпораци энэ гар утсыг дотоод болон гадаадын зах зээлд борлуулахыг бүрэн хориглохоо мэдэгдээд байгаа.
“Galaxy Note 7”-гийн батарей нь хэт халсны улмаас дэлбэрсэн тохиолдол цөөнгүй гарсан тул “Samsung” корпораци дэлхийн зах зээлээс 2.5 сая ширхэг гар утсыг эргүүлэн татсан юм. Үүгээр зогсохгүй хэдийн худалдан авсан хэрэглэгчдэд гар утсыг орлуулан “Samsung Electronics” корпорациас өгсөн “аюулгүй” шинэ гар утас дэлбэрч шатсан тохиолдол нэг бус удаа гарчээ.
Үүнтэй холбогдуулан “Samsung” корпорациас “Хэрэглэгчдийн аюулгүй байдлыг бид хэзээд эн тэргүүнд тавьдаг. Тиймээс дэлхий дахинд байгаа түншүүдээсээ “Galaxy Note 7” гар утсыг борлуулахыг зогсоож, манай компани руу төхөөрөмжүүдийг буцаан илгээхийг хүсч байна. Мөрдөн шалтгалтын ажиллагаа үргэлжилж байна” гэсэн мэдэлгдийг хийсэн байна.
Мөн уг мэдэгдэлд “анх зээх зээлд гаргахад худалдаж авсан “Galaxy Note 7” болон солиулж авсан шинэ гар утасны аль алиныг нь ашиглахаа зогсоож, унтраахыг бид хүсч байна” гэсэн байна.