"Iphone 7" ямар байх вэ

2016 оны 9 сарын 07

“Apple”-ийн шинэ бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээ Монголын цагаар есдүгээр сарын долооноос найманд шилжих шөнийн 02:00 цагт эхэлнэ. Сүүлийн дөрвөн жилийн турш есдүгээр сард болсон энэхүү арга хэмжээний үеэр “iPhone”-ийн шинэ хувилбаруудыг танилцуулсан юм. Мөн энэ онд тус компани “Apple Watch” ухаалаг бугуйн цагаа анх удаа шинэчлэх товтой байна.

Шинэчилсэн сери дугаартай "iPhone 7"-ийг танилцуулах товтой байгаа ч тэгш тоотой жил бүр загвараа шинэчилдэг нь энэ удаад маш багаар мэдрэгдэх таамаг байна. Өөрөөр хэлбэл гар утасны арын хэсгээр хөндлөн гүйсэн антеннын шугам байхгүй болохын дээр гар утасны доод хэсэгт байрлах 3.5 мм-ийн чихэвчийн оролтыг бүр мөсөн арилгана гэсэн таамаг их байна. Хөгжим сонсох гарц нь нэг байх бол гар утсыг цэнэглэх зориулалттай "Lightning" оролт эсвэл утасгүй чихэвч байх бололтой. Тиймээс шинэ гар утсыг дагалдаж ирдэг "EarPods" утастай чихэвчийн оронд “Bluetooth”-ээр холбогддог салангид чихэвчтэй болж магадгүй байна. Энэхүү төхөөрөмжийг "AirPods" гэж нэрлэж болох юм.

Гэхдээ энэ удаад “Apple”-ийн “iPhone” гар утасны камерыг шинэчлэхэд хамгийн ихээр анхаарах бололтой байна. Өөрөөр хэлбэл гар утасны ард байрлах үндсэн камерыг хос болгосноор дарах зургийн чанар сайжрахын дээр дижитал бус оптик-zoom бүхий зураг дарах боломж бүрдэж болох юм. Хос камер бол цоо шинэ санаа биш бөгөөд “Huawei”-ийн “P9” гар утас болон “LG”-ийн “G5” гар утаснуудын үндсэн камерууд хос линзтэй байдаг.

“The Wall Street Journal”-ийн дэвшүүлсэн санаагаар “Apple” компани “iPhone”-ийнхоо 16 гигабайтын санах ой бүхий сонголтыг энэ жил анх удаа халж магадгүй байна. “Live Pictures”, “4K” видео зэрэг хэмжээ ихтэй контентийг ашиглахад 16 гигабайтын санах ойтой утас хангалтгүй байгаа нь ийм шийдвэр гаргахад нөлөөлж болно. Иймээс шинэ гар утаснууд 32, 128, 256 гигабайтын санах ойн хувилбараар ирж болох юм.

“KGI” агентлаг бас нэгэн сонирхолтой таамаг дэвшүүлсэн нь “iPhone”-ийн хоёр шинэ өнгө байлаа. Гар утасны "хар" гэж нэрлэж болох хар саарал "space gray" гэх өнгөний хамтаар "dark black" болон "piano black" гэсэн "хав хар" болон өнгөний сонголт "iPhone 7"-ийн худалдан авагчдад хүрэх бололтой.

“Apple”-ийн есдүгээр сарын арга хэмжээ “iPhone” голчилсон арга хэмжээ байдаг ч үүнтэй зэрэгцэн бусад төхөөрөмжийг ч танилцуулж магадгүй байгаа юм. Энэ удаад "Apple Watch 2"-ийг танилцуулах магадлал хамгийн өндөр байна. Хэдий тийм боловч шинэчлэх шаардлагатай олон бүтээгдэхүүнүүд байгаа юм. Тухайлбал “MacBook Pro” зөөврийн компьютер, “USB-C” оролтой “MacBook Air”, “iPad Pro”, “iPad Air”, “iPad mini”, “Apple TV." байна.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
36016
0 эможи
keyboard_arrow_up