Дэлхийн хамгийн том салхин паркыг байгуулна
Их Британийн Засгийн газар Данийн эрчим хүчний “Dong Energy” компанийг Йоркшир эргийн гадна салхин парк барихыг зөвшөөрлөө. 7.8 тэрбум ам.долларын төсвөөр байгуулагдах энэхүү парк нь 1.8 гигаваттын хүчин чадалтай, усан дээр байгуулсан дэлхийн хамгийн том салхин парк болох юм. Их Британийн Засгийн газраас өнгөрсөн зургадугаар сараас хойш дээрх зөвшөөрлийг олгохоос түр татгалзаад байжээ. Учир нь салхин паркийн байгууламж далайн ан амьтад, байгаль орчинд учруулж болох нөлөөг сайтар судлах шаардлагатай гэж үзсэн байна. Харин байгаль орчны газраас судалгаа явуулсны эцэст төслийг экосистемд аюулгүй гэж үзжээ. Хэдийгээр зөвшөөрлөө авсан ч салхин паркийн хамгийн том байгууламж барихад “Dong Energy” компани Төрөөс татаас авах шаардлагатай байгаа аж. Их Британийн төсөв сайнгүй байгаа энэ үед “Dong Energy” гуравдагч талаас нэмэлт санхүүжилт авч магадгүй гэж шинжээчид үзэж байна.