“Mercedes Benz”-ийн борлуулалт “BMW”-ийнхаас 2 дахин өслөө
Оны эхний долоон сард “Mercedes Benz”-ийн борлуулалт гол өрсөлдөгч “BMW”-ийнхаас хоёр дахин өндөр хувиар өслөө. Ийнхүү “Mercedes”-ийн шинэ жийпнүүд хэрэглэгчдийн сонирхлыг ихэд татах болсон нь энэ оны хамгийн өндөр борлуулалттай тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч болоход нэг алхам ойртуулсан байна. 2016 оны эхний долоон сард “Mercedes”-ийн борлуулалт 12 хувиар өсч, 1.17 сая автомашин худалдсан бол “BMW”-ийн борлуулалт 5.6 хувиар өсчээ. “BMW” брэнд 2005 оноос хойш тансаг зэрэглэлийн автомашины зах зээлд борлуулалтаараа тэргүүлж байгаа юм. Харин энэ онд “Mercedes”-ийн “GLC”, “E-Class” загваруудынхаа шинэчилсэн хувилбарыг худалдаанд гаргасан нь зах зээлд эзлэх хувиа нэмэгдүүлэхэд нөлөөлжээ. “BMW”-ийн хувьд ирэх он хүртэл гол загваруудынхаа шинэчилсэн хувилбарыг худалдаанд гаргахгүй гэж мэдэгдсэн юм.