"Apple" энэ намар дөрвөн платформын үйлдлийн системээ шинэчилнэ
“Apple” компаниас жил бүр зохион байгуулдаг программ хангамж хөгжүүлэгчдийн “WWDC 2016” чуулган болсон байна. Тус чуулгын нээлтийн илтгэлийн үеэр "iPhone", "iPad"-ийн шинэ үйлдлийн систем болох "iOS 10"-ийг танилцуулжээ. Энэхүү систем нь 2013 онд өнгө болон загварын хувьд "iOS6"-аас "iOS7" систем рүү шилжиж байснаас хойш өөрчлөгдөж байгаагүй байна. Энэ удаад "dark mode" буюу цагаан гэрэл ашиглахгүйгээр хар өнгийн дэлгэцтэйгээр уг
"iPhone", "iPad"-ийн шинэ үйлдлийн систем "iOS 10". Зургийг: youtube.com
төхөөрөмжийг ашиглах хувилбар гарч магадгүй байгаа юм. Түүнчлэн “Apple Music”-ийн интерфэйс хэрэглэхэд илүү амар болох аж. “iMessage” хэрэглэгчид энэхүү үйлчилгээгээр дамжуулан “Apple Pay”-ээр мөнгө шилжүүлэх болон зураг дээр нь бичих боломжтой болно гэж “9to5Mac”-аас үзсэн байна. Зөвхөн "iOS"-ээс гадна бусад үйлдлийн системүүд "MacOS", "TvOS", "WatchOS"-ийн дараагийн хувилбарууд гарна гэсэн хүлээлттэй байгаа юм. Оны эхний гурван сард “Apple” компани 50.6 тэрбум ам.долларын орлого олсон бөгөөд энэ нь сүүлийн 13 жилийн хугацаанд анх удаа буурсан үзүүлэлттэй гарчээ. Тиймээс техник хангамжаас олох орлого буурч байгааг программ хангамжаас олох орлогоор нөхөх болов уу гэсэн таамаг өндөр байгаа юм. Өөрөөр хэлбэл хэрэглэгчдийн "AppStore"-оос татаж авч, ашиглаж байгаа апп-ууд "subscription" буюу ашиглахын тулд сард нэг удаа эсвэл жилд нэг
удаа мөнгө төлөх систем рүү шилжих магадлал өндөр байгаа аж. Ингэснээр “Apple” хөгжүүлэгчдийн нэг хэрэглэгчээс олох орлого тогтмолжихоос гадна тус компанийн орлого ч тогтвортой болох юм. "AppStore"-оор дамжуулан хийгдэж байгаа гүйлгээ бүрийн 30 хувийг "Apple" компани татвар болгон авдаг байна. Хэрэв дээрх систем рүү шилжвэл хөгжүүлэгч бүр нэг хэрэглэгчийг өөрийн үйлчилгээндээ удаан хугацаанд байлгах тусам тухайн төлбөрөөс төлж байгаа татварын хэмжээг бууруулж, 15 хувь болгосноор хөгжүүлэгчдэд ашигтай нөхцөл бүрдэх ажээ.