Toyota Motors: Хөгжлийн бэрхшээлтэй иргэд, өндөр настнуудад зориулан дэвшилтэт тэргэнцэр бүтээнэ
“Toyota Motors” компани хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон өндөр настнуудад зориулсан дэвшилтэт тэргэнцэр бүтээхээр, зохион бүтээгч Диан Каментай хамтран ажиллаж байгаа талаар мэдэгдлээ. Автомашин үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч “Toyota Motors” компани энэхүү хамтын ажиллагааны хүрээнд "тэнцвэржүүлэх технологийг" ашиглах эрхтэй болж байна. Энэ хүрээнд зохион бүтээгч Диан Камен “iBOT” тэргэнцрийнхээ шинэ хувилбарыг танилцуулах боломжтой болж байгаа аж. “iBOT” тэргэнцэр нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг шатаар дээш, доош төвөггүй явахад тусалдаг ч 2009 оноос уг тэргэнцрийн худалдааг зогсоогоод байсан юм. “Toyota Motors” компанийн Орлогч захирал "Өндөр настнууд болон хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст туслах нь хамгийн чухал" гэдгийг онцлоод "Бид энэ асуудалд цаашид ч хувь нэмрээ оруулсаар байх болно" гэж мэдэгджээ. Өнгөрсөн оны 11 дүгээр сард “Toyota Motors”-ийн зүгээс хиймэл оюун ухаан болон робот хөгжүүлэлтийн судалгаа шинжилгээнд нэг тэрбум ам.долларын хөрөнгө оруулалтыг ирэх таван жилийн хугацаанд хийнэ гэж зарласан юм.