Стрессийн түвшнийг хэмждэг компьютерын хулгана бүтээжээ
ТОКИО. /TASS/. Электрон бүрдэл хэсгүүдийн үйлдвэрлэлээр дагнадаг Японы “Alps Electric” компани хэрэглэгчийн стрессийн түвшнийг хэмждэг компьютерын шинэ хулгана үйлдвэрлэснээ танилцууллаа.
“Nikkei Technology” цахим сонинд мэдээлснээр, уг төхөөрөмжид агаарын температур, чийглэг, мөн зүрхний цохилт, гарын алганы хөлрөлт зэрэг бие организмын хэд хэдэн үзүүлэлтийг хэмждэг мэдрэгч суурилуулжээ. Эдгээр үзүүлэлтэд дүн шинжилгээ хийснийхээ дараа уг хулгана хэрэглэгчийн хувьд тухайн мөчид стрессийн түвшин нь ямар байгааг тодорхойлдог байна. Сэтгэл санааны дарамтад хэр их автсанаа мэдэхийн тулд хэрэглэгч ердөө хулганыг барихад л хангалттай.
“Alps Electric” компанийнхан шинэ төхөөрөмжөө дахин нэг туршсаныхаа дараа энэ онд багтаан худалдаанд гаргахаар төлөвлөжээ. Чухам ямар үнээр худалдахыг одоогоор тогтоогоогүй байгаа аж.
Япончууд ажлын байрандаа хэт их ачаалалтай ажиллаж, стресст автах нь түгээмэл байдаг гэнэ. Тэр ч байтугай хэт их ачаалалтай ажилласны улмаас нас барсан тохиолдлыг илэрхийлдэг “кароси” гэдэг тусгай нэр томьёо хүртэл гарчээ.