“Toyota Motor” компани БНХАУ-ын зах зээлд борлуулалтаа нэмэгдүүлнэ
“Toyota Motor” компани БНХАУ-ын дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих бодлогыг үл харгалзан тус улсын зах зээлд борлуулалтаа нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байна. Дээрх компанийн Үйлдвэрлэл хариуцсан захирал Мацумото Шиничи "БНХАУ-д нийлүүлэх “SUV” загваруудыг нутагт нь үйлдвэрлэж “RAV4” автомашины хос хөдөлгүүрт хувилбарыг аль болох ойрын хугацаанд зах зээлд нэвтрүүлнэ" гэж мэдэгджээ. БНХАУ-ын Засгийн газар цахилгаан хөдөлгүүрт автомашинуудад 17 мянга 500 ам.доллар хүртэлх татаас олгож байгаа аж. Гэхдээ агаарын бохирдлыг бууруулахын зэрэгцээ дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжих зорилгоор “Toyota Motor”, “Nissan” зэрэг Японы үйлдвэрлэгчдэд татаас олгохоос татгалзсан байна. Гэхдээ энэхүү бодлогыг үл харгалзан өнгөрсөн онд Японы тэргүүлэх автомашин үйлдвэрлэгчид болох “Toyota Motor”, “Nissan Motor” болон “Honda Motor” компаниуд БНХАУ-ын зах зээлд тус бүр нэг саяас дээш автомашин борлуулжээ.