“Foxconn Technology” групп “Sharp”-ийг ХУДАЛДАЖ авлаа
“iPhone”-ийг үйлдвэрлэгч, Тайванийн “Foxconn Technology” групп Японы “Sharp” компанийн араас дөрвөн жил хөөцөлдсөний эцэст худалдан авлаа. “Foxconn Technology" "Sharp”-ийн удирдлагын багц буюу нийт хувьцааны гуравны хоёрыг 389 тэрбум иен буюу 3.5 тэрбум ам.доллараар худалдан авч байгаа аж. Төлбөрийн урьдчилгаа болгон 100 тэрбум иенийг “Sharp”-ийн данс руу шилжүүлжээ. Японы цахилгаан хэрэгслийн ууган компаниудын нэг “Sharp”-ийн 105 жилийн түүхийг хүндэтгэн ажиллах болно гэдгээ “Foxconn Technology”-ийн ТУЗ-ийн дарга мэдэгдсэн байна. Японы Төрийн өмчит “Innovation Network” корпораци “Sharp”-ийг дотоодын компанийн өмч хэвээр хадгалахын тулд худалдан авах санал тавьсан ч “Foxconn Technology”-ийн саналыг давуулж чадаагүй ажээ. “Sharp” компани зээлдэгч банкуудтай тохиролцож, өрийн бүтцээ өөрчилсний дүнд 2015 оны өрийн зардлыг 7.2 тэрбум иенээр бууруулахаар болсон байна.