“Tesla Motors”-ийн “Model 3”-ийн урьдчилсан ЗАХИАЛГА 325 мянгад хүрэв
“Tesla Motors”-ийн саяхан танилцуулсан “Model 3”-ийн урьдчилсан захиалга 325 мянгад хүрч шинжээчдийн хүлээлтээс хол давсан байна. 35 мянган ам.долларын энэхүү бага оврын цахилгаан автомашин ирэх оноос хэрэглэгчдэд очих юм. “Model 3”-ийг танилцуулсны дараа “Tesla”-ийн зах зээлийн үнэлгээ тогтвортой өсч байгаа аж. Хэдий тийм боловч нөгөө талаас 2015 онд 50 мянга 600 автомашин үйлдвэрлэж байсан “Tesla” компани “Model 3”-ийн захиалгыг амласан хугацаандаа гүйцэтгэж чадах эсэхт эргэлзсэн шүүмжлэгчид олон байна. Шинэхэн загварыг захиалагчид эхний ээлжинд 1000 ам.доллар байршуулж байгаа аж. Өөрөөр хэлбэл урьдчилсан захиалгын нийт үнэлгээ 2010 онд гаргасан “IPO”-оос татсан санхүүжилтээс давжээ. “Tesla”-ийн үүсгэн байгуулагч Илон Маск "Шинэхэн загвараа ногоон ирээдүйг чиглэсэн үсрэлт" гэж нэрлэсэн юм.