Жолоочгүй машин амжилт тогтоолоо
“Google” корпораци ээлжит шинэ туршилтаа танилцууллаа. Хэдэн жилийн өмнө туршилт нь эхэлж байсан “Жолоочгүй машин” энэ удаа автомат жолоодлогын тусламжтайгаар хотын хөдөлгөөнд ямар ч саадгүй бүрэн явж сурчээ. Энэ тухай “Cnet” агентлаг мэдээлсэн бөгөөд урьд нь янз бүрийн технологийн компаниуд жолоочгүй автомашиныг туршиж байсан ч энэ удаагийнх шиг бүрэн төгөлдөр амжилтад хүрч байгаагүй юм. Зарим компаниуд жолоочгүй машиныг тусгай замаар, туршилтын журмаар явуулдаг аж. Мөн зам сканнердах төхөөрөмж, урд нь ямар нэгэн саадгүй тохиолдолд л жолоочгүйгээр алсын удирдлагаар автомашиныг явуулж байсан удаатай.
Японы “Toyota” корпорацийн тусгай захиалгаар “Pruis 20” маркийн автомашиныг туршилтад ашигласан бөгөөд “Google”-ийн инженерүүдийн ур чадварын хүчээр жолоочгүй машин нэг дор гадны 100 гаруй биетийг шууд илрүүлж өөрийгөө удирдах боломжоор хангагджээ. Үүнд замын тэмдэг, тэмдэглэгээ гэрлэн дохио, хүн, зэрэгцээ, урд, хойд, ард эгнээнд зорчин яваа тээврийн хэрэгсэл тэр бүү хэл замын хажуугаар яваа дугуйтай хүнийг замаа солих бол гарын хөдөлгөөнийг нь мэдрэх нарийвчлалтай технологид суурилсан аж. “Google”-ийн тус бүтээл анхны туршилтдаа 50 км зам туулсан бол өнөөдрийн байдлаар аль хэдийн 1000 гаруй км-ийг жолоочгүй туулж, хотын хөдөлгөөний төвлөрөл ихтэй төв замуудаар саадгүй зорчсон байна.