Internet Explorer 8, 9 болон 10 өнөөдөр жагсаалтаас гарч байна
Зовлон үнэн, зовлонгийн шалтгаан үнэн, зовлонг гэтлэх нь үнэн, зовлонг гэтлэх арга зам үнэн гэж Бурхны шашинд сургажээ. Тэгвэл веб хөгжүүлэгчдийн шүдний өвчин болсон “Internet Explorer” өнөөдөр жагсаалтаас гарч байна.
Сонирхуулахад GoGo.mn-ийн уншигчдын 1,69 хувь нь Internet Explorer ашигладаг байхад үлдсэн хувь нь Chrome, Firefox, Safari гэх мэт бусад веб хөтөч ашигладаг юм байна
Жагсаалтаас гарна гэдгийг тодруулбал Microsoft эдгээр веб хөтчийн хөгжүүлэлтийг зогсоож байгаа гэсэн үг юм. Нэгдүгээр сарын 12-ноос ажиллаж эхлэх Microsoft-ын шинэ patch хэрэглэгчдийг веб хөтчөө шинэчлэхийг шаардах аж.
Windows 7 үйлдлийн системтэй хэрэглэгчид хэрвээ Internet Explorer ашиглаж байвал энэхүү шаардлага байнга гарч ирж, зовоох юм. Хуучны, HTML5 дэмждэггүй Internet Explorer мэтийн интернет хөтөч ийнхүү жагсаалтаас гарч байгаа нь веб хөгжүүлэгчдийн хувьд мөрөөдөл биелж буй хэрэг.
Тэд одоо HTML5 дэмждэггүй веб хөтөч дээр юу харуулах вэ, гэж толгойгоо гашилгах шаардлагагүй болж байна. Ийнхүү өнөөдрөөс эхлэн дээрх веб хөтөч аюулгүйн шинэчлэлт хийхгүй болж байгаа бөгөөд ирээдүйд ямар нэг халдлагад өртөх магадлал улам өндөр болно гэсэн үг юм.
Хэдийгээр хэрэглэгч байнга веб хөтчөө шинэчлэхийг шаардах анхааруулгыг хааж болох хэдий ч хамгийн хялбар арга нь шинэ веб хөтөч ашиглах билээ.
Ийнхүү Internet Explorer 11 веб хөтчөөс өмнөх хувилбаруудыг Microsoft жагсаалтаас хасаж, хэрэглэгчид Windows 10 дээрх Edge хөтчийг сайн ашигладаг болох хүртэл IE11 хөтчөө шинэчилсээр байх аж.
Хэрвээ та хуучны Internet Explorer хэрэглэдэг бол эртхэн IE11 эсвэл Mozilla, Chrome, Vivaldi гэх мэт өөр веб хөтчийг ашиглаж хэвшээрэй.
www.w3schools.com сайтын судалгаагаар 2015 оны арван нэгдүгээр сарын байдлаар нийт интернет хэрэглэгчдийн 67.4 хувь нь Chrome, 6,8 хувь нь Internet Explorer, 19.2 хувь ньFirefox, 3.9 хувь нь Safari хэрэглэдэг гэжээ.
Сонирхуулахад GoGo.mn-ийн уншигчдын 1,69 хувь нь Internet Explorer ашигладаг байхад үлдсэн хувь нь Chrome, Firefox, Safari гэх мэт бусад веб хөтөч ашигладаг юм байна.