Цукерберг 2016 онд өөртөө туслах хиймэл оюун ухаан хөгжүүлнэ
Аав болоод удаагүй байгаа Марк Цукерберг 2016 оныхоо төлөвлөгөөг олон нийтэд танилцууллаа. Ер нь бол өөрийгөө бараг л Тони Старк болох гэж байгаа гэж бичжээ.
Юу гэхээр Цукерберг гэрийнх нь төхөөрөмжүүдийг удирдах, өөрт нь тус болох хиймэл оюун ухаан хөгжүүлэхээр төлөвлөсөн аж. Та бүхэнд түүний төлөвлөгөөг орчуулан хүргэж байна.
- Жил бүр би Facebook-т хийдэг ажлаасаа гадна шинэ зүйлсийг сурах зорилго тавьдаг. Жишээлбэл өнгөрсөн жилүүдэд би сард хоёр ном унших, Мандарин хэл сурах, өдөр бүр шинэ танилтай болох гэх мэт төлөвлөгөө гаргаж байжээ.
Харин 2016 оны миний хувийн зорилго “энгийн” Хиймэл оюун ухаан бүтээх юм. Тэр хиймэл оюун ухаан миний гэрийн төхөөрөмжүүдийг ажиллуулах, ажилд минь туслах ажил хийнэ. Ер нь бол Төмөр Хүний JARVIS гэж ойлгож болно.
JARVIS нь “Ердөө л хэт ухаантай хиймэл оюуны систем” гэсэн үгийн товчлол юм
Юуны түрүүнд би ямар технологи амьдралд нэвтэрсэн болохыг судалж үзнэ. Харин дараа нь миний дуу хоолойг таньж гэрт байгаа зүйлсийг буюу хөгжим, гэрэл, температур гэх мэтийг удирдах аргыг зааж өгнө.
Түүнчлэн миний найзууд ирээд хонх дарахад камераар царайг нь таниад хаалга өөрөө нээгддэг болохыг ч сургана. Хэрвээ намайг Максын/Охин нь/ өрөөнд байхгүй үед тэнд ямар нэг зүйл болбол надад мэдэгддэг тийм аргыг ч зааж өгнө.
Харин ажлын тухайд мэдээллийг VR технологид суурилан дүрсжүүлэх аргыг зааж өгнө. Ингэснээр илүү сайн үйлчилгээг нэвтрүүлэх, байгууллагаа удирдан авч явахад минь туслах ёстой.
Зорилго бүр ямар нэг сэдвийг агуулах ёстой, харин энэ жилийн хувьд сэдэв нь шинийг бүтээх.
Facebook-т би инженерүүдтэйгээ хамт шинийг бүтээх гэж их цаг хугацаа зарцуулдаг. Жишээлбэл Internet.org төслийн хүрээнд нарны эрчим хүчээр ажилладаг нисэх онгоц, интернет сүлжээ цацах хиймэл дагуулыг дурдаж болно.
Эсвэл Oculus-ын удирдлага, программ хангамжийг хөгжүүлэх, хэрэглэгчийн асуулт бүрт хариулж чадах хиймэл оюун ухааныг хөгжүүлэх гэх мэтээр бид үргэлж шинийг бүтээхээр ажилладаг.
Харин энэ удаад би өөрөө өөртөө зорилго тавиад, өөртөө зориулсан зүйлийг бүтээхээр шийдлээ. Зугаатай байна байх гэж найдаж байна. Ингээд жилийн дараа та бүхэнтэй юу сурсан гэдгээ хуваалцах болно.
Хэдийгээр Цукерберг энгийн хиймэл оюун ухаан гэж тайлбарласан боловч JARVIS-тай адилтгажээ. Гэтэл JARVIS нь “Ердөө л хэт ухаантай хиймэл оюуны систем” гэсэн үгийн товчлол юм.
Сонирхуулахад өнгөрсөн жил Цукерберг Мандарин хэлээ ямар сайн сурсан болохоо олон нийтэд харуулж байсан бол 2011 онд “Зөвхөн өөрийн гараар төхөөрсөн амьтны махыг иднэ” гэсэн зорилго тавьж байжээ.