Samsung Galaxy S7 утас Force Touch технологийг ашиглана
Хэдийгээр Galaxy цувралын шинэ загварыг танилцуулах хүртэл дахиад бараг хагас жил дутуу байгаа ч гэсэн анхны таамгууд, цуу ярианууд гараад эхэлжээ.
Энэ удаад шинэ загварын Galaxy Force Touch буюу чанга дарахаар өөр үйлдэл хийдэг технологийг дэлгэцдээ ашиглаж магадгүй аж. Apple компани анх ухаалаг цагандаа зориулан бүтээсэн энэ технологийг одоо Samsung ашиглах нь.
Хятадын нийгмийн сүлжээний Weibo сайтын нэгэн хэрэглэгч Samsung компани Synaptics-ийн ClearForce технологийг ашиглах тухай санал тавьсан гэжээ.
Энэ технологийн ачаар хэрэглэгч утасныхаа дэлгэц дээр хэр зэрэг чанга эсвэл зөөлөн дарж буйгаас шалтгаалан өөр өөр үйлдэл хийнэ.
Даралт мэдрэгч бүхий дэлгэцтэй утсыг танилцуулсан нь ганц Apple биш юм. Хятадын Huawei компани Mate S утсандаа мөн энэ технологийг ашиглаж байгаа тухай зарласан хэдий ч утас одоохондоо худалдаанд гараагүй байгаа.
Гэхдээ зөвхөн даралт мэдрэгч бүхий дэлгэцээс гадна S6 утасны нэгэн адил Edge буюу хоёр талруугаа нумарсан загвар ч мөн гаргах бөгөөд S7 утас 5,7 болон 5,8 инчийн дэлгэцтэй байна гэх таамаг гарчээ.