“Хьюндай” групп 10 секундэд нэг машин үйлдвэрлэдэг
Дэлхийн автомашины зах зээлд тэргүүлэгч эхний дөрвөн үйлдвэрлэгчийн нэг болох БНСУ-ын “Хьюндай” группийн Улсан хотод байрлах үйлдвэртэй танилцлаа. “Excel”-ээс эхлээд бүх машиныг нь унаж хэрэглэж буй монголчуудын хувьд “Хьюндай” групп эртний танил. Харин үйлдвэрийнх нь үйл ажиллагаатай танилцаж, машинаа хэрхэн үйлдвэрлэдгийг нь нүдээр үзсэн хүн цөөхөн байх. Учир нь, тус группийн үйлдвэрт хүссэн хүн болгон нэвтрээд байдаггүй хаалттай бүс. БНСУ-ын Гадаад хэргийн яам, Монгол дахь Элчин сайдын яамнаас танилцах аяллыг зохион байгуулсан учраас бидний хэдэн сэтгүүлч албан ёсны эрхтэйгээр үйлдвэрийн босгыг давах нь тэр.
Гэхдээ ингэлээ гээд бидэнд бүх зүйл нээлттэй байсангүй. Үйлдвэрт зураг авах, бүр дуу хураагуураар тайлбарлагчийн яриаг бичих, тэмдэглэл хөтлөхийг хориглосон юм. Үйлдвэрийн бүх процесстой танилцуулахын зэрэгцээ шат дамжлагуудыг нь нэг бүрчлэн тайлбарладаг учраас дээрх үйлдлүүдийг хориглодог бололтой. Нөгөөтэйгүүр, үйлдвэртэйгээ танилцсан хүн бүхэнд тэр тусмаа сэтгүүлчдэд үйлдвэрлэлийн процессоо баримт болгон өгөхгүй байх нь бизнесийн зарчим биз ээ.
“Хьюндай” групп дэлхий даяар 19 үйлдвэр, 75 мянган ажилчинтай бөгөөд бүгд нэгэн ижил зарчмаар ажилладаг ажээ. Тодруулбал, бүх үйлдвэр нь хоногийн 17 цаг хоёр ээлжээр ажилладаг байна. “Хьюндай” групп машиныхаа бүх эд ангийг өөрөө үйлдвэрлэдэггүй бөгөөд заримыг нь хамтран ажилладаг аж ахуйн нэгжүүдээсээ авдаг юм байна. Бид бэлэн болсон эд ангиудыг угсарч эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх процесстой нь танилцсан юм.
Шат дамжлаг бүр дээр хоёр хүн ажиллаж зөвхөн өөрсдийн хариуцсан ганцхан ажлаа 65 секундын дотор хийх үүрэгтэй аж. Тусгай зам дээгүүр явж эхэлсэн автомашины “араг яс”-нд эд ангиудыг нь нэг бүрчлэн хийсээр хамгийн сүүлд хаалгыг нь хийж үйлдвэрээс гаргана. Ийм зарчмаар ажиллахдаа хоёр цаг тутамд ажилчдаа 10 минут амраадаг юм байна. Өдөржин ганцхан ажлаа хийвэл уйдна гэж үздэг учраас 10 минут бүрийн амралтын дараа ажилчдынхаа байрлалыг солино. “Хьюндай” группийн хамгийн том үйлдвэр болох Улсан хотын үйлдвэр 34 мянган ажилчинтай бөгөөд өдөрт 6000, жилд 1.5 сая автомашин үйлдвэрлэг гэдгийг аялалын хөтөч хэлсэн юм. Секундээр тооцвол группийнхээ хэмжээнд 10 секундэд нэг машин үйлдвэрлэдэг болохыг тэрбээр бахархалтайгаар хэлж байв. Ийм хурдан хугацаанд үйлдвэрлэж байгаа нь автомашиныхаа эд ангиудыг хүний оролцоогүйгээр автоматжуулсан системээр үйлдвэрлэдэгтэй холбоотой ажээ.
“Хьюндай” групп 2014 онд таван сая автомашин худалдаалжээ. Үүнийхээ 86 хувийг гадаад, 14 хувийг дотоодын зах зээлд нийлүүлсэн байна. Улсан хотын үйлдвэр нь далайн эрэг дээр байрладаг учраас автомашинуудаа экспортод гаргахад хялбар юм. Үйлдвэрээс гарсан автомашинуудыг экспортод гаргах улс тус бүрээр нь зогсоолд байрлуулж тэндээсээ шууд усан онгоцонд ачиж байлаа.
Тус компанийн маркетингийн албаныхан хэлж буйгаар хамгийн гоёмсог бөгөөд олны анхаарлыг татаж буй машин нь “Equus” юм байна. Анх 1999 онд үйлдвэрлэж эхэлсэн энэ автомашин өнөөдөр хөгжлийнхөө хоёр дах шатанд явж байгаа бөгөөд “BMW 7 Series” болон “Mercedes-Benz S-Class”, “Lexus LS”-тэй өрсөлдүүлэхээр бүтээжээ. Уг машин нь хөдөлгүүрийнхээ багтаамжаас шалтгаалан 100-150 сая вонын үнэтэй бөгөөд манай улсад тус ч худалдаалаад эхэлжээ.