Цаг бүтээснийхээ төлөө баривчлагдсан жаал Цагаан ордонд зочилно
Энэ долоо хоног таны хувьд яаж эхэлсэн бэ? Ямар ч байсан гэсэн одоо дурдах 14 настай, Исламын шашинт жаалынх шиг адал явдлаар дүүрэн байгаагүй байх. АНУ-ын Техас муж дахь МакАртур ахлах сургуулийн сурагч сургууль дээрээ өөрийн хийсэн дижитал цагийг авч иржээ.
Ямар гоё цаг вэ? Ахмед. Чи цагаа Цагаан ордонд авч ирэхгүй биз?
Инженер болох хүсэлтэй хүү харандааны сав ашиглан бүтээсэн дижитал цагаа багш нартаа үзүүлэхээр авч ирсэн аж. Ийм зүйл бүтээсэндээ тун ч их урамшиж, магадгүй багш нь түүнийг магтах байх гэж бодсон ч бүх зүйл эсэргээр эргэжээ.
Дижитал цагийг нь гэртээ хийсэн тэсрэх бөмбөг гэж үзсэн эмэгтэй багш хүүг шууд л цагдаад өгч, цагдаа нар ч үүнд нь үнэмшин хүүг баривчилсан аж. Мэдээж хэрэг тэсрэх бөмбөг байгаагүй учир цагдаа нар хүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ.
Хүү баривчлуулсны дараа
Хүүгийн бүтээсэн дижитал цаг
Харин энэ явдал хүүд тун таагүй санагдсан бөгөөд одоо хэрхэх тухай сэтгүүлчийн асуултад “Сургуулиасаа шилжинэ дээ, МакАртур ахлах сургууль л биш бол өөр хаашаа ч байсан яахав” гэсэн юм.
Энэ явдал нийгмийн сүлжээнд асар хурдацтай тархаж, хүүгийн хэргийг сонирхох хүмүүсийн тоо нэмэгджээ.Тэдний дунд АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама, Хилари Клинтон, Марк Цукерберг зэрэг багтана.
Ерөнхийлөгч Барак Обама “Ямар гоё цаг вэ? Ахмед. Чи цагаа Цагаан ордонд авч ирэхгүй биз? Бид чамтай адил олон хүүхдүүдийг шинжлэх ухаанд дурлуулах ёстой. Тиймээс л Америк орон агуу юм шүү дээ” гэж жиргэжээ.
Харин Цукерберг өөрийн Facebook хуудсандаа “Магадгүй та бүхэн Техасын нэгэн ахлах сургуулийн сурагч, гэртээ дижитал цаг хийсэн 14 настай Ахмед хүүгийн хэргийг сонссон байх. Ийм ур чадвартай, ямар нэг гайхалтай зүйл хийж байгаа хүнийг алга ташин угтах ёстой болохоос баривчлах ёсгүй. Бидний ирээдүй Ахмед шиг хүмүүсийн гарт бий. Ахмед хэрвээ чи Facebook-ийн төв байранд ирэхийг хүсвэл би дуртайяа чамтай уулзах болно. Шинийг бүтээх ажлаа битгий зогсоогоорой” гэжээ.
Барак Обама, Марк Цукерберг нарын урилгыг хүлээн авч байгаа гэдгээ Ахмед хүү сэтгүүлчидтэй уулзах үеэрээ мэдэгдсэн бөгөөд хүүгийн урд тун завгүй жил, магадгүй тун амжилттай амьдрал хүлээж байна.