Австралид арван нэгдүгээр сараас эхлэн өөрийгөө жолооддог машинууд явна
Aвстралийн зам тээврийн судалгааны төвөөс мэдээлснээр өмнөд нутгуудад ирэх арван нэгдүгээр сараас эхлэн өөрийгөө жолооддог машинуудыг туршихаар болжээ.
Шведийн автомашин үйлдвэрлэгч Volvo, харилцаа холбооны Telstra, технологийн компани Bosch зэрэг хамтран энэхүү ажлыг гүйцэтгэх аж. Volvo-гийн машин зам дээр гүйцэж түрүүлэх, эгнээ солих, тоормослох зэрэг туршилтуудыг хийх юм.
Өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн хэрэгжүүлж байгаа “Намайг жолоод” төсөлд ашиглаж буй Volvo XC90 загварын машиныг Австралид турших аж. Шведийн компанийн зорьж буйгаар 2017 он гэхэд ийм загварын 100 ширхэг бүрэн автомат машин зам дээр гарах юм байна.
Машины систем нь төрөл бүрийн мэдрэгчтэй бөгөөд үүлэн тооцоололд суурилсан байршил тогтоох систем, ухаалаг тоормос болон хүрдний системийн нийлбэр байх аж.
Автомашин өөрийгөө жолооддог болсноор шатахуун зарцуулалт, замын түгжрэл, зам тээврийн осол багасах юм. Австралийн зам тээврийн судалгааны төв 505 хүнээс “Өөрийгөө жолооддог машинуудыг дэмжиж байгаа эсэх” гэсэн санал асуулга явуулахад 60 хувь нь дэмжиж байгаа гэдгээ илэрхийлжээ.