ZTE-гийн утас таны нүдийг танина
Барселон хотноо өнөөдөр эхэлж байгаа “Дэлхийн хөдөлгөөнт төхөөрөмжийн чуулга” дээр олон сонирхолтой бүтээгдэхүүн танилцуулагдана. Тэгвэл энэ жил 30 насны босго давж байгаа Хятадын “ZTE” корпораци хэрэглэгчийн нүдэнд суурилсан хамгаалалтын систем бүхий утсаа танилцууллаа.
Хүн бүрийн нүдэнд байх судас дахин давтагдашгүй бөгөөд нас ахих, ядаргаанд орох үед ч өөрчлөгддөггүй
Хэдийгээр компани энэ жил цоо шинэ бүтээгдэхүүн авч ирээгүй ч “ZTE Grand S3” утасныхаа хамгаалалтын системийг тун өвөрмөцөөр шийджээ. Нүдэнд суурилсан био хэмжүүрт таних системийг “EyeVerify” компани хөгжүүлсэн бөгөөд хүний нүдний цагаан дээр харагдах хялгасан судсуудыг шалгадаг аж.
Нүдний солонгон бүрхэвчид суурилсан систем биш учир хангалтгүй гэж олон хүн үздэг ч компанийн тайлбарлаж байгаагаар “Хүн бүрийн нүдэнд байх судас дахин давтагдашгүй бөгөөд нас ахих, ядаргаанд орох үед ч өөрчлөгддөггүй” гэжээ.
Энэхүү хамгаалалтын системийг ажиллуулахын тулд хэрэглэгч утасны урд нүдээ нэг минут орчим харуулах шаардлагатай бөгөөд нэг удаагийн оролдлогоор амжилттай болох аж.
Өнгөрсөн онд Samsung-ын Galaxy S5 утсыг ийм мэдрэгчтэй гарна гэж яригдаж байсан ч компани хурууны хээ таних системийг нэвтрүүлэхийг илүүд үзсэн билээ.
Харин одоо ZTE компани “Дэлхийн анхны нүдэнд суурилсан таних систем бүхий утаснуудын нэг” гэж бардам хэлж байна. Түүнчлэн компани “Grand” загварын утаснууддаа энэ системийг хадгалсаар аппликейшн ажиллуулах, төлбөр тооцоо хийхэд ашигладаг болгохоор зорьж байгаа аж.
Хамгийн гол нь нүдэнд суурилсан таних систем нь тухайн төхөөрөмжийн камерыг ашиглаж байгаа учир хурууны хээтэй харьцуулахад илүү аюулгүйн дээр өөр ямар нэг аргаар хуурах боломжгүй юм байна.
Жишээ нь хэсэг герман залуус гэрэл зураг дээрээс хүний хурууны хээг хуулбарлан авч системд нэвтэрч чадаж байсан бол нүдэнд суурилсан таних системд нэвтрэхийн тулд заавал хэрэглэгчийн нүд байх ёстой төдийгүй түүгээр нь цус гүйж байх ёстой аж.
Хятадаас өөр газарт нэг их танигдаагүй энэхүү утас өнгөрсөн нэгдүгээр сард худалдаанд гарчээ. 5,5 инчийн бүрэн HD дэлгэцтэй, 2,5GHz-ийн дөрвөн цөмт процессор, 3GB RAM, 16GB санах ой, ардаа 16, урдаа 8 мегапикселийн камертай бөгөөд 3100mAh батарейтай энэ утас Андроид 4,4 үйлдлийн системтэй. Утасны үнэ 479 ам. доллар.