Устөрөгчийн түлштэй автомашин худалдаанд гарчээ
Японд өнгөрсөн даваа гаригаас эхлэн устөрөгчийн түлштэй суудлын автомашин худалдаж эхэлжээ. “Mi- rai” хэмээх загварын автомашиныг Японы “Toyota Motor” компани үйлдвэрлэж байгаа аж. Компани энэ оны эцэс гэхэд энэ төрлийн 700 автомашин үйлдвэрлэх гэнэ. Эдгээр автомашины түлшний элементэд устөрөгчийг агаар мандал дахь хүчилтөрөгчтэй нийлүүлснээр цахилгаан хөдөлгүүрийг нь ажиллуулах эрчим хүч гарган авдаг байна. Энэ төрлийн автомашин худалдан авах эрэлт их байгаагаас энэ онд үйлдвэрлэх автомашинуудыг захиалгаар аль хэдийнэ худалдсан гэнэ.
Түүнчлэн “Toyota Motor” компани энэ чиглэлд 20 тэрбум еврогийн хөрөнгө оруулалт хийж, үйлдвэрлэлийн хэмжээг жилдээ 2100-д хүргэхээр төлөвлөжээ. Токиод 2020 онд олимпийн наадам болох үеэр устөрөгчийн хөдөлгүүртэй автомашины үйлдвэрлэл жилдээ 50 мянгад хүрч, 2030 он гэхэд тус улсад худалдах 10 автомашин тутмын нэг нь устөрөгчийн хөдөлгүүртэй байна хэмээн мэргэжилтнүүд үзжээ. Устөрөгчийг түлшинд ашиглах явцад зөвхөн ус ялгардаг нь байгаль орчинд ямар ч хор нөлөө үзүүлдэггүй давуу талтай юм.
- See more at: http://www.unen.mn/content/43858.shtml?alias=entertainment#sthash.3qCyMVow.dpuf