Шинэ загварын "Лада" автомашин ирэх онд худалдаанд гарна
ОХУ-ын "АвтоВАЗ" ХК-ийн үйлдвэрлэдэг байсан Лада автомашиныг мэдэхгүй хүн тун цөөхөн байх. Тус автомашины хувьд Социалист нийгмийн үед тус компанийн гадаад улсуудад зориулан үйлдвэрлэж, экспортолдог байсан автомашин бөгөөд нэлээд олон жилийн хугацаанд үйлдвэрлэл нь зогсоод байсан юм. Харин 2011 онд "АвтоВАЗ" ХК-ийн зүгээс шинэ загварын Лада автомашиныг үйлдвэрлэх гэж буйгаа мэдэгдэж гол загвар бүтээгчээр нь Англи улсын автомашины загвар зохион бүтээгч Стив Маттин ажиллах талаар мэдэгдэж, энэ оны 8-р сард "Лада ИксРей" буюу Lada «XRAY» автомашины консепт загварыг олон нийтэд танилцуулж байжээ. Харин уг машиныг ирэх 2015 оны 3-р сард худалдаанд гаргахаар болжээ.
Лада ИксРей авто машин нь 114 морины хүчтэй 1.8 литрийн бензин хөдөлгүүр болон 5 шатлалт механик хурдны хайрцагтай бөгөөд 430 мянган рублиэр худалдаалагдах аж. Дашрамд сонирхуулахад тус автомашины гол загвар зохион бүтээгч болох Стив Маттины хувьд дэлхийн алдарт автомашин үйлдвэрлэгчид болох Mercedes-Benz болон Volvo компаниудтай хамтран ажилладаг байсан туршлагатай нэгэн юм байна.