ЭНЭ ӨДӨР: Дэлхийн телевизийн өдөр

2014 оны 11 сарын 21

1996 онд НҮБ-ын Ерөнхий Ассамблей тусгай тогтоол гаргаж  жил бүрийн энэ өдөр буюу арваннэгдүгээр сарын 21-нийг дэлхийн телевизийн өдөр хэмээн тэмдэглэдэг болсон юм. Энэ тэмдэглэлт өдрийг тохиолдуулан Монголын телевизийн салбарын нийт уран бүтээлчид, сэтгүүлч, инженер техникийн ажилтнууд, телевизтэй ажил, амьдралаа холбосон хэн бүхэнд баярын мэндийг хүргээд дэлхийн болоод Монголын телевизийн түүхэн хөгжлийн түүхээс товчхон танилцуулж байна.

Дэлхийн техникийн дэвшлийн хамгийн гайхамшигтай ололтуудын нэг нь яахын аргагүй телевиз /монголчуудын хэлж заншсанаар зурагт/ мөн. Үе үеийн олон эрдэмтдийн хөдөлмөр зүтгэлийн үр дүнд телевиз бий болсон гэдгийг заавал онцлон тэмдэглэх хэрэгтэй. Английн эрдэмтэн Жеймс Клерк Максвелл (1831-1879) байгальд цахилгаан соронзон үелзлэл оршдог тухай таамаглал анх дэвшүүлжээ. Цахилгаан соронзон орон үнэхээр бодитой оршиж байгааг Германы эрдэмтэн Генрих Герц (1857-1894) туршилтаар баталсан юм. Цахилгаан соронзонгийн тархах хурд, түүний физик шинж чанарыг ч Герц нарийвчлан судалсан байна.

Оросын эрдэмтэн Александр Степанович Попов (1859-1905), Италийн эрдэмтэн Гульелмо Маркони (1874-1937) нар цахилгаан соронзон үелзлэлийг ашиглан агаарын орон зайг ашиглаж ямар нэгэн дохио дамжуулах арга бодож олжээ. Тэднийг анх радио зохион бүтээсэн эрдэмтэд гэж үздэг. 1880 онд П.И.Бахметьев дүрсийг алсад дамжуулахын тулд эхлээд цахилгаан соронзон орон болгож задлаад, дараа нь хүлээн авагчаар эргэж цуглуулах хэрэгтэй гэдэг санааг дэвшүүлсэн байна. Үүний дараа 1884 онд Германы эрдэмтэн Паул Нипков дүрсийг алс холын орон зайд дамжуулах анхны шийдлийг олжээ. Нипковийн санаачилсан энэ арга дээр тулгуурлан 1920 онд Шотландын зохион бүтээгч Жон Байрд (1888-1946) механик телевизор бүтээсэн юм.

1900 оны наймдугаар сарын 25-нд Францын нийслэл Парис хотод олон улсын цахилгаан холбооны бага хурал зохион байгуулагдав. Энэ хуралд оролцсон Оросын инженер Константин Перский “ television” гэдэг нэртэй илтгэл тавьжээ. Ингэснээр телевиз гэдэг нэр томьёог хүн төрөлхтөн хэрэглэх болсон юм. Tele - алс хол, vision - үзэгдэх, харагдах гэсэн утгатай үг юм. Монголчууд энэ үгийг зурагт гэж орчуулжээ. Гадны фото үзэгдлийг ашиглан Петербург хотын технологийн их сургуулийн багш Б.Л.Розинг 1907 онд өнөөгийн зурагт ажиллах үндсэн зарчмыг боловсруулжээ. Телевизийн цаашдын хөгжилд Б.П.Грабовский, С.И.Катаев, П.В. Шматков, В.К.Зворыкин зэрэг олон эрдэмтэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Ер нь телевиз гэдэг бол олон хүний хамтын хөдөлмөрийн үр дүнд бий болсон хамтын бүтээл юм. Одоо ч телевизийн материал, техникийн бааз шинэчлэгдсээр байна.

Анхны телевиз

Дэлхийн улс орнуудын туулж өнгөрүүлсэн түүхээс нь хамаарч телевизийн хөгжлийн үе шат харилцан адилгүй байна. Улс бүрт телевиз байгуулагдсан цаг үе харилцан адилгүй боловч “туршилтын нэвтрүүлэг” явуулж байсан зурвас үе заавал байдаг. Манай хойд хөрш Орост телевизийн туршилтын нэвтрүүлгийг 1931 оны тавдугаар сарын 1-нд хийсэн байна. Үүнээс нэг өдрийн өмнө “Правда” сонинд энэ тухай мэдээлэл хэвлэгджээ. Тавдугаар сарын 1-нд Оросын инженерүүд хэд хэдэн гэрэл зургийг дуугүйгээр алсын орон зайд дамжуулсан нь амжилттай болжээ. Тэгвэл Германд 1928 онд телевизийн туршилтын нэвтрүүлэг хийж байсан тухай баримт байдаг. Телевизийн нэвтрүүлгийг тогтмол явуулж эхэлсэн дэлхийн анхны улс бол Их Британи юм. 1936 онд Их Британийн нийслэл Лондон хотод “London Television Service” компани тогтмол нэвтрүүлэг явуулах болжээ.

Харин Орост 1939 оны гуравдугаар сарын 10-наас телевизийн нэвтрүүлэг тогтмол явах болжээ. Мөн 1939 оноос Америкийн телевизийн түүх эхэлдэг. Америкийн радио корпорацийн ерөнхийлөгч Дэвид Сарнов: Одоо бид дуунд дүрс нэмж чадах боллоо гэж мэдэгдэж телевиз байгууладаж байгааг тунхагласан байна. 1939 оны дөрөвдүгээр сарын 30-нд Америкийн ерөнхийлөгч Франклин Рузвельтийн яриаг дамжуулснаар АНУ-д телевизийн өргөн нэвтрүүлгийн нээлт болжээ. Дэлхийн II дайны дараа телевизийн хөгжлийн алтан үе ирсэн юм. Ази, Европ, Латин Америк, Африкийн орнууд 1950 оноос хойш телевиз байгуулжээ.

Ази тивд телевиз байгуулсан хамгийн анхны орон нь Иран, Филлипин юм. 1953 онд Филлипинд нэгэн зэрэг хоёр телевиз байгуулагджээ. Тайланд улсад 1955 онд, Энэтхэгт 1959 онд, Малайз улсад 1963 онд, Пакистан 1964 онд, Турк улсад 1968 онд, Хятад улс 1958 онд, БНСУ 1956 онд, Япон 1953 онд телевизтэй болжээ. 1970 оноос телевиз бол ОНМХ-ийн нэг чухал суваг мөн гэдгийг хүлээн зөвшөөрсөн.

Телевиз орчин үед

Интернэт түгээмэл тархах хүртэл телевиз хамгийн шуурхай мэдээллийн хэрэгсэл гэсэн байр сууриа хадгалж ирсэн. Хамгийн анх 1947 онд АНУ-д кабелийн телевиз байгуулагдсан. 1970-аад оны сүүл үеэс кабелийн сүлжээ ашиглан нэвтрүүлэг дамжуулах нь улам ихэссэн. Харин 1990 оноос хойш пост коммунист орнуудад кабелийн телевиз сонгодог утгаараа хөгжиж эхлэжээ. Ингэснээр телевизийн сувгийн тоо ч нэмэгдсэн байна. 1976 онд хиймэл дагуулын телевиз бий болов.



Орчин үед хиймэл дагуулын телевиз нь тоон систем ашиглан дуу дүрсний өндөр чанартай нэвтрүүлгийг үзэгчдэд хүргэж байна. Мэдээллийн технологийн хөгжлийн үр шимээр IPTV Internet Protocol Television бий боллоо. IPTV хамгийн гол давуу тал нь дүрс бичлэгийг үзээд зогсохгүй түүнтэй холбоотой бусад нэмэлт мэдээлэл авах, нэвтрүүлэгт шууд оролцох боломжтой. Мөн хэрэглэгч хүссэн нэвтрүүлгээ өөртөө тохиромжтой цаг үед үзэх боломж нээж өгдөг.
Монгол Улсад телевиз үүсэж хөгжсөн нь

Монгол Улсад телевиз байгуулах тухай анх 1964 оны  дөрвөн сард Улсын төлөвлөгөөний хорооны хуралдаанаар яригджээ. 1965 оны арван сард БНМАУ-ын Засгийн Газар телевизэд ажиллах мэргэжилтнүүдийг ЗХУ-д сургах тухай тогтоол гаргажээ. Үүний дагуу телевизийн техникийн мэргэжилээр 40 хүнийг ЗХУ руу илгээсэн байна. 1966 оны гуравдугаар сарын 29-нд Монгол телевизийн техникийн төвийн шавыг тавих ёслол болжээ. 1966 оны тавдугаар сарын 16-нд телевизэд ажиллах залуусын хоёрдугаар ээлжийг ЗХУ руу явуулсан юм.



1967 онд Монголын телевиз байгуулагдахад барьж байгуулсан теле цамхаг нь 193 метр өндөр. 1967 оны долоодугаар сарын 9-ний өдрийн “Үнэн” сонинд монголын телевизийн төвийн ерөнхий инженер В.И.Алырщиковын өгсөн ярилцлага хэвлэгджээ. Тэрээр энэ ярилцлагадаа телевизийн төв нэвтрүүлэг дамжуулахад бэлэн гэж мэдэгджээ. Ингээд 1967 оны долоодугаар  сарын 11-нд Монголд анх удаа туршилтын нэвтрүүлэг хийжээ. Ардын хувьсгалийн 46 жилийн ойд зориулсан концерт, хүндэтгэлийн арга хэмжээг телевизээр дамжуулжээ. Дараа нь 1967 оны наймдугаар сарын 15-нд хоёр дахь удаагийн туршилтын нэвтрүүлэг хийжээ. Туршилт амжилттай болсоны дараа тогтмол нэвтрүүлэг явуулах тухай шийдвэр гаргасан байна. Радио телевизийн улсын хорооны даргаар Жалан-Аажив, орлогчоор нь Сумъяа томилогджээ. 1967 оны  есдүгээр сарын 27-ноос эхлэн Монгол телевиз тогтмол нэвтрүүлгээ явуулах болжээ. Монгол телевиз анх байгуулагдаад даваа пүрэв, бямба, ням гаригт нэвтрүүлэг дамжуулдаг байв.

Монгол телевизийн төлөвшил

1972 онд Монгол телевиз нь “Интервидение” олон улсын телевизийн байгууллагийн гишүүн болсон юм. 1980 онд Монгол телевиз техникийн шинэчлэл хийсэн байна. Хуучирсан тоног төхөөрөмжийг шинэчилж өнгөтөөр нэвтрүүлэг дамжуулах болжээ. 1980 оны олимпийн наадам, 1981 оны гуравдугаар сарын 22-өөс 30-ний хооронд Ж.Гүррагчаа сансарт ниссэн тухай шууд дамжуулан үзүүлж байлаа. 1971 онд “Интерспутник” хиймэл дагуулын тусламжтайгаар радио, релейний шугамаар орон даяар нэвтрүүлэг дамжуулах болсон. 1980 оноос эфирийн цагаа нэмэгдүүлж долоо хоногт  зургаан өдөр эфиртэй болжээ. Энэ үеэс “Оддын ахан дүүс”, “Оноо хурд хором”, “Бид Артек явна” зэрэг шинэ нэвтрүүлэг гарах болжээ. 1972 онд Монгол телевизийн дэргэд “Телекино” үйлдвэр байгуулагджээ. Ургацын далай нэвтрүүлэг радиогоос телевизийн хувилбарт шилжсэн байна. 1990 онд ASIASAT-1 хиймэл дагуулаар нэвтрүүлгээ дамжуулах болсон. 1991 оны нэгдүгээр сарын 1-ээс Монгол телевизийн сувгаар америкийн телевизийн нэвтрүүлгийг үзүүлдэг болжээ. 1992 онд Монгол телевиз бүтэц зохион байгуулалтын өөрчлөлтөнд орж бие даасан студи байгуулагджээ.

1992 оны дөрөвдүгээр сарын 25-нд сэтгүүлч Ц.Нармандах “Чөлөөт телевиз”, Д.Гарам-Очир “Мэдээлэл арилжааны чөлөөт суваг” байгуулжээ. Мөн уран бүтээлийн “Жолоо” нэгдэл үүссэн. Энэ бол хувийн арилжааны телевиз байгуулах гэсэн анхны оролдлого гэж хэлж болно. 1997 онд Монгол телевиз “Ханилаг”, “Алслал”, “ACD” зэрэг 20 гаруй студи болж бүтцийн өөрчлөлт хийжээ. Гэвч тун удалгүй дахин редакцийн бүтэц зохион байгуулалтандаа оржээ. 1998 онд Монгол телевиз Японы засгийн газрын тусламжтайгаар техникийн шинэчлэл хэсэгчилж хийв. 1998 оноос Монгол телевиз өдөр бүр нэвтрүүлэг дамжуулах болж, өглөөний хөтөлбөр нээсэн. 1998 онд Монгол Улсын парламент “Хэвлэлийн эрх чөлөөний тухай” хууль батлав. Ингэснээр Монгол телевиз нь “МҮТВ” хэмээн нэрээ өөрчилжээ. 2005 онд Олон нийтийн радио телевизийн тухай хууль батлагдсанаар МҮОНТ нь олон нийтийн статустай телевиз болов.

Монголын арилжааны телевизүүд

1972 онд байгуулагдсан “Телекино” үйлдвэрийн бааз сууринд түшиглэн нийслэл хотын захиргааны мэдлийн “Улаанбаатар” телевизийг байгуулжээ. Тус телевиз анхны нэвтрүүлгээ 1992 оны есдүгээр сарын 15-нд үзэгчдэд хүргэсэн байна. УБТВ нь хотын захиргаанаас санхүүжиж, монгол телевизийн сувгаар долоо хоногт нэг удаа нэвтрүүлэг дамжуулдаг байлаа. 1995 оноос “Өглөөний мэнд” хөтөлбөрийг дамжуулдаг болсон. 1998 онооc “UBSTV” хэмээн нэрээ өөрчилжээ. Тус телевиз нь 1997 оноос дуу хөгжим, кино, танин мэдэхүйн нэвтрүүлэг дагнан бэлтгэж нэг өдрийн эфирээ зориулж байлаа. ОХУ, Япон, БНСУ-ын телевизүүдтэй хамтран ажиллаж “Загасан нүд” олон улсын теле наадмыг зохион байгуулж байсан. 1996 оны есдүгээр сарын 27-нд Монголын анхны арилжааны телевиз “25-р суваг” байгуулагдсан.

Мөн онд Америкийн хөрөнгө оруулалттай мэдээллийн “EAGLE” телевиз үйл ажиллагаагаа эхэлжээ. 1998 оноос эхлэн Монголын үндэсний телевиз PAL системээр нэвтрүүлгээ цацах болжээ. Үүнээс өмнө SECAM системээр нэвтрүүлгээ дамжуулдаг байлаа. EAGLE телевиз 2003 онд түр хаагдаад 2005 оноос нэвтрүүлгээ сэргээжээ. 2003 онд TV5, TV9 гэсэн хоёр ч арилжааны телевиз шинээр нээгджээ. 1995 оноос Монголд гадаадын болон дотоодын телевизүүдийн нэвтрүүлгийг дахин дамжуулах үйл ажиллагаа явуулдаг кабелийн сүлжээ бий болов. Хамгийн олон хэрэглэгчтэй нь Монгол-Хятадын хамтарсан “Сансар” кабелийн телевиз юм. Гадаад дотоодын телевизийн сувгуудыг дахин дамжуулахаас гадна Сансар кабелийн телевиз нь өөрийн гэсэн 4 суваг нээсэн. 2010 оны байдлаар зөвхөн УБ хотод 20 гаруй телевиз үйл ажиллагаагаа явуулж байв. Харин 2014 оны байдлаар Монгол Улсад 160 гаруй телевизийн компани ажиллаж байгаагаас 90 гаруй нь Улаанбаатар хотоос нэвтрүүлгээ дамжуулж байна. Монголын телевизүүдийн холбоо 2005 онд байгуулагдсан. Тус холбоо жил бүр “Алтан шонхор” теле наадмыг зохион байгуулдаг юм.

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
12461
0 эможи
keyboard_arrow_up