Украин улс Луганскийн хил хязгаарыг өөрчиллөө
Украины Дээд Зөвлөл /Рада/ фронтын шугамтай холбоотойгоор Луганскийн районуудын хил хязгаарыг хаажээ. Албан ёсны эх сурвалжийн мэдээллээр, иргэдийн цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг олгож эхлэхтэй холбоотойгоор Луганск мужийн зарим районуудын хилийг өөрчилсөн байна.
Эндээс харахад, Киевийн зүгээс хүлээн зөвшөөрөгдөөгүй тусгаар улсуудтай удаан хугацааны туршид зэрэгцэн оршиход бэлэн байгаагаа илэрхийлж байна хэмээн зарим шинжээчид үзэж байгаа бололтой. Харин Луганскийн БНУ-д Киевийн шийдвэрийг үгүйсгэн, мужийнхаа бүх нутаг дэвсгэрийг эрт оройгүй чөлөөлөх болно хэмээн амласан аж.
Украины парламент өчигдөр болсон ээлжит хуралдаанаараа Луганск мужийн районуудын хил хязгаарыг өөрчлөх талаар тогтоол гаргажээ. Уг тогтоолын төслийг Луганскийн захирагч Геннадий Москаль санаачилсан бөгөөд Украины Ерөнхийлөгч Петр Порошенког анхаарлаа хандуулахыг уриалсан билээ.
Дээд Зөвлөл дэх Порошенкогийн суурин төлөөлөгч Руслан Князевичийн өгүүлснээр, Луганск мужийн тодорхой хэдэн районууд Украины эрх баригчдын хяналтаас “гадуур” байгаа ба хил хязгаарыг өөрчлөх шийдвэр гаргаснаараа хяналтад буй районуудын нутаг дэвсгэрт Улсын төсвийн хуваарилалт хийж, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг олгон, нийгмийн үйлчилгээний бүхий л багцыг хэрэгжүүлэх боломжтой болно гэжээ.
Тогтоол ёсоор, Новоайдарскийн районд Счастье хот, Трехизбенка, Кряковка, Орехово-Донецкое, Лопаскино, Лобачево суурингууд болон Крымск Славяносербскийн районыг нэгтгэснээр тус районы нутаг дэвсгэр 3,3 мянган гектар талбайгаар нэмэгдэж байгаа аж. Попаснянскийн районд Первомайск районы Горное, Золотое хотууд, Тошковка, Нижнее суурингууд нийлснээр тус районы газар нутаг 6,5 мянган гектараар тэлэх юм байна.
Харин ЛБНУ болон ДНБУ-ын эрх баригчид Киевийн энэхүү шийдвэрийг бодит байдлаас тасархай зүйл хэмээн дүгнэж, Луганск мужийн хил хязгаарыг өөрчлөх шийдвэр практик дээр хэрэгжих боломжгүй гэж үзэж байгаа аж.