Фанфон хар шуурга Японы Хамамацу хотод хүрчээ
“Фанфон” хар шуурга өчигдөр өглөө Японы эргийн бүс дэх Хамамацу хотод хүрчээ. Эрх баригчид хотын нийт 360 мянган хүнийг нүүлгэн шилжүүлэхийг зөвлөмж гаргажээ. Гамшгийн улмаас өчигдрийн байдлаар нэг хүн сураггүй болж, хэдэн арван хүн гэмтэж, олон арван мянган айл өрхийн цахилгаан хангамж тасалдсан байна. Түүнчлэн Айти, Миэ, Яманаси,Тиба, Канагава зэрэг 47 мужийн 11-д нь шуурганы түгшүүрийг зарлаж оршин суугчид буюу нийт дүндээ нэг сая гаруй хүнийг нүүлгэн шилжүүлэхээр болоод байна. Хар шуурганы үеэр ширүүн салхи дэгдэж, аадар бороо орохын зэрэгцээ агаарын даралт шуурганы төв хэсэгт 950 гектопаскаль хүрдэг байна.
Салхины хурд 35 м/с, ширүүсэх үедээ 45 м/с хүрч байна. Далайн шуурга дайран өнгөрч байгаа бүс нутгийн дахь далайн давалгааны өндөр нь 12 метр хүрч, шуурганы төв хэсэгтээ 200 мм хур тунадас орох магадлалтай болохыг цаг уурчид өгүүлжээ. Японы арлууд жилдээ дунджаар 11 хар шуурганд өртдөг болохыг тус улсын цаг уурын хүрээлэнгээс өгүүлсэн байна. Уг хар шуургыг супер тайфун гэсэн зэрэглэлээс нэг шат бууруулсан тухай тус хүрээлэнгээс мэдээлсэн боловч гамшгийн аюултай гэдгийг сануулжээ. “Фанфон” буюу лаос хэлнээ “араатан” гэх нэртэй уг шуурга Номхон далайн тропикийн бүсэд энэ он гарснаас хойш үүссэн 18 дахь хар шуурга юм. Гамшгийн улмаас өнгөрсөн долоо хоногт Онтаке галт уулын дэлбэрэлтэд өртсөн хүмүүсийн эрлийг зогсооход хүрчээ. Нийслэл Токио хотоос баруун зүгт 200 км зайд орших энэ галт уул дэлбэрэх үеэр аялагч голдуу 51 хүн амь насаа алдаж, 12 хүн сураггүй хэвээр байна. Ширүүн борооны улмаас Японд болж буй “Формула-1”-ийн тэмцээнийг хойшлуулсан байна.