Баруунтай эн зэрэгцэх тухай Порошенкогийн “60 алхам”

2014 оны 9 сарын 26

Украины улстөр, эдийн засгийг өөрчлөн байгуулах тухай Порошенкогийн хөтөлбөрийг “нэгэн зэрэг бүх салбарт хийх агуу шинэчлэлүүд” хэмээн товчоор нэрлэж болохоор. Уг хөтөлбөр 60 хэсгээс бүрдэж байгаа бөгөөд мөдхөн ойртож буй Украины эдийн засгийн сүйрэл болон ард түмний “бүрэн цөхрөл” дээр суурилсан, цар хэмжээгээрээ Порошенкогийн сонгуулийн өмнөх пиартай төстэй юм.

“Стратегия-2020” хэмээх энэхүү хөтөлбөр нь нэгэн зэрэг хэрэгжүүлэхүйц 60 орчим шинэчлэлээс бүрдэж байгаа гэж Украины Ерөнхийлөгч Петр Порошенко өчигдөр мэдээлсэн байна. Тэрээр “Эдгээр бүх шинэчлэлийн мөн чанар нь муу дүрэм журмын оронд илүү сайныг бий болгоход чиглэгдэж байна” гэж тайлбар хийсэн аж.

Эдгээр шинэчлэлийг нэгэн зэрэг бүх салбарт эхлүүлнэ гэдгээ Ерөнхийлөгч амлаад байгаа бөгөөд “биднийг энэхүү шинэчлэлийн талаар хэлэлцэж байхад нэгэн зэрэг бүх салбарт эхлүүлэхгүй байх талаар зарим хүмүүс зөвлөж байсан хэдий ч бид үүнийг өөр арга замаар хэрэгжүүлэх болно” гэжээ. Түүний өгүүлснээр, шинэчлэлийн багцууд нь шинээр бүрэлдэх парламент ажиллаж эхлэх үеэр бэлэн болсон байх аж.

Хамгийн чухал шинэчлэлүүдийн тоонд: хүнд сурталт эрх барих бүтцийг шинэчлэх замаар авлигын эсрэг хийх шинэчлэл, шүүхийн болон татварын шинэчлэл, засаг захиргааны эрхийн төвлөрлийг сааруулах, Дотоод хэргийн яамны шинэчлэл, хамгаалалтын иж бүрэн хөгжил зэрэг багтаж байгаа бөгөөд эдгээрээс хамгийн чухлаар нь шүүхийн шинэчлэлийг Порошенко дурдсан байна.

Мөн эрчим хүчний талаар хамааралгүй болох тухай “гэгээн мөрөөдөл” ч энд тусгагджээ. Оросоос эрчим хүчний хувьд хамааралгүй болох төлөвлөгөө гаргасан бөгөөд 2020 он гэхэд, Оросоос авах хийн хэмжээг хоёр дахин бууруулах буюу 60 хувиас 30 хувь хүртэл буулгахаар төлөвлөсөн бололтой. Бас энэ онд 10% байгаа ДНБ төсвийн алдагдлыг 2020 он гэхэд 3% болгон бууруулах, инфляцийн түвшинг өнөөгийн 19%-иас 1,7% болтол бууруулна гэж уг хөтөлбөрт тусгагдсан байна.

Энэхүү “мөрөөдлийн” хөтөлбөрөө хэрэгжүүлж чадвал, Украин улс нь бизнес эрхлэлтийн рейтингээрээ дэлхийн ТОП-20 оронд багтах аж. Мөн түүнчлэн, 2015-2020 онд хийгдэх шууд хөрөнгө оруулалтын хэмжээг 40 тэрбум ам.доллар хэмээн тооцоолоод байгаа бөгөөд эдгээр төлөвлөгөөгөө хэрэгжүүлсний эцэст буюу зургаан жилийн дараа гэхэд Киевийн зүгээс ЕХ-нд элсэх өргөдлөө гаргах боломжтой гэж Порошенко мэдэгджээ.

Хөтөлбөрийн бас нэгэн сонирхолтой хэсэг нь “Бахархал” бүлэг бөгөөд тэнд өгүүлснээр, 2020 он гэхэд, нийт иргэдийн 90% нь өөрийн эх орноороо бахархдаг болох бөгөөд Японд болох Олимпийн тоглолтоос Украин 35 медаль аван, авьяасын индексээрээ одоогийн 66-р байраас ТОП-30 руу орж, үндэсний таван киногоо дэлхийн хэмжээний прокатад гаргах зорилт тавьсан аж.

 

 

 

Мэдээнд өгөх таны үнэлгээ?
Like an post Love an post
haha an post
wow an post
yay an post
sad an post
ouch an post
confuse an post
angry an post
9361
0 эможи
keyboard_arrow_up